Их Британийн эрдэмтэд
коронавирусын үргэлжлэх хугацааны тухай
Их Британийн Онцгой байдлын газрын шинжлэх ухааны зөвлөх бүлгийн
эрдэмтэд коронавирус нь бараг 2026 он хүртэл аюул учруулах болно гэж дүгнэжээ. Энэ тухай тус байгууллагын
цахим хуудсанд 11 дүгээр сарын 24-нд нийтэлсэн мэдэгдэлд дурджээ.
"SARS-CoV-2 эрүүл мэндийн
тогтолцоонд аюул занал учруулсаар байх бөгөөд наад зах нь дараагийн таван
жилийн хугацаанд вакцинжуулалт, мэдээллийн мониторингоор идэвхтэй хяналт тавих
шаардлагатай" гэж баримт бичигт дурджээ.
Шинжээчдийн үзэж байгаагаар вакцинжуулалт, эпидемиологийн хяналт,
халдварын тархалтыг дэлхий даяар таслан зогсоох арга хэмжээ хангалттай үр дүнд хүрэхгүй бол энэ хугацаа нэмэгдэж магадгүй гэжээ. Мэдэгдэлд мөн 5-10
жилийн хугацаанд вакцин болон нэмэлт тунгийн тусламжтайгаар сүргийн дархлааг
тогтоох, түүнчлэн бусад арга хэмжээг (шинжилгээ, өвчний тархалтыг хянах, өвчтөнийг
тусгаарлах гэх мэт) ашиглах шаардлагатай болохыг тэмдэглэжээ.
Эрдэмтдийн үзэж байгаагаар Их
Британид Европын бусад орнуудтай харьцуулахад тус улсын оршин суугчдыг вакцинд сайн хамруулснаар COVID-19-ийн
өвчлөлийн байдал тогтворжсон байна.
Оросын вирус судлаачид коронавирус
алга болохгүй боловч вакцинжуулалтыг сайн хийж, эмчилгээний шинэ арга барилыг
нэвтрүүлснээр ойрын 2-3 жилд байдал
тогтворжино гэсэн дүгнэлт хийсэн байна.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) COVID-19 шинэ хувилбар болох омикрон омгийн халдвар авсан хүмүүсийн дунд нас баралт байхгүй байгааг энэ сарын 6-ны өдөр мэдээлсэн байна.
ДЭМБ-ын эрүүл мэндийн яаралтай тусламжийн хөтөлбөрийн захирал Майкл Райан хэлэхдээ, шинэ омгийн халдварын тархалт болон өвчин хүндрэх чадварыг тодорхойлохын тулд дахиад хэдэн долоо хоногийн судалгаа шаардагдана гэжээ.
Үүний зэрэгцээ энэхүү шинэ хувилбарын тархалт нь Европт ойрын хэдэн сард COVID-19-ийн шинэ тохиолдлын талаас илүү хувийг үүсгэж болзошгүйг шинжээчид тэмдэглэжээ.
Comments