МОНГОЛ
УЛСЫН ДИПЛОМАТ АЛБАНД ЗҮТГЭСЭН ОН ЖИЛҮҮД номноос
Би 2009 оны 9 дүгээр сарын сүүлээр гэр бүлийн хамт Алматы хотод хүрэлцэн очиход манай Элчин сайдын яамны хамт олон, Казахстаны ГХЯ-ны Алматы хотын Төлөөлөгчийн газрын ёслолын ажилтнууд угтан авсан юм. Тэр үед манай Элчин сайдын яам Алматы хотод байрлаж байлаа. ЭСЯ-нд зөвлөх Ц.Дашзэвэг, консулын асуудалд эрхэлсэн нэгдүгээр нарийн бичгийн дарга Т.Самбасанчир, гуравдугаар нарийн бичгийн дарга Ц.Ганболд, жолооч-Аж ахуйн эрхлэгч Г.Гончигсүрэн гэсэн 4 хүн гэр бүлийн хамт ажиллаж байлаа.
ЭСЯ маань хэдийгээр Алматы хотын элитийн хороололд байрладаг ч үндсэндээ 3 давхар ганц байшин байсан. Түүнийг манай улсаас Казахстанд сууж байсан анхны элчин сайд Э.Бямбажав гуай 1995 онд бариулсан юм билээ. Дараа дараагийн элчин сайд нар бололцооныхоо хирээр тохижуулж ирсэн боловч барилга их хуучирсан, төвлөрсөн халаалт байхгүй гэх мэт олон асуудал байсан. Харин Казахстаны сансрын анхны нисэгчийн хувийн байшин, Чехийн Ерөнхий Консулын газартай хөрш, хашаандаа жимсны мод тариалсан, бас ч сайхан тохижуулсан газар байлаа.
Манай ЭСЯ Алматы хотод байрлаж байсан нь Казахстаны төр, засгийн байгууллагууд, дипломат корпустай ажиллах боломжийг хязгаарлаж байсан юм. Тэр үед Алматы хотод манайхаас гадна Канад, Бельги, Узбекстаны Элчин сайдын яам, Орос, Хятад, Турк, Унгар зэрэг орнуудын Ерөнхий консулын газар, Олон улсын зарим байгууллагын төлөөлөгчийн газар гэсэн 20 гаруй дипломат статустай байгууллагууд байсан. Бусад Дипломат төлөөлөгчийн газрууд бүгд нийслэл Астана хотод нүүгээд очсон байлаа. Харин 2010 онд Канад, Бельги, Узбекстаны Элчин сайдын яамд бидэнтэй бараг нэгэн зэрэг Астана хотноо нүүж очсон билээ.
Алматы хотноо байрлаж байгаа гадаадын Дипломат төлөөлөгчийн газруудтай харилцаж байхын тулд Казахстаны ГХЯ өөрийн төлөөлөгчийн газрыг Алматыд ажиллуулдаг байсан юм. Бид үндсэндээ тэрхүү төлөөлөгчийн газраар дамжуулан Казахстаны төр, засгийн байгууллагатай харилцаж байсан. Иймээс ЭСЯ-ыг аль болох эртхэн нийслэл Астана хотод шилжүүлэх хэрэгтэй гэж би элчин сайдын хувьд үзэж байлаа.
Миний өмнөх элчин сайд Р.Хатанбаатар Астана хотноо газар авч, барилга барих компанитай гэрээ байгуулж, ажлыг нь эхлүүлсэн байсан. Гэвч газрын маргаан, санхүүгийн асуудал зэрэг олон бэрхшээл байсан. Гол нь хоёр тал Элчин сайдын яамддаа харилцан үнэ төлбөргүй газар олгохоор тохирсон боловч манай тал Казахстаны ЭСЯ-нд өгсөн газрыг хотын захиргаа буцааж авснаас болж, бидэнд газрын зөвшөөрөл олгохгүй байсан билээ. Миний бие энэ асуудлаар ГХЯ, Парламентын холбогдох хороо, Астана хотын зарим удирдлагатай удаа дараа уулзаж байсан боловч танайх манай ЭСЯ-нд газар олгоогүй байгаа гэсэн нэгэн хариулттай буцдаг байлаа. Харин Астана хотын дарга Тасмагамбетов Имагали Нургалиевичтай биечлэн уулзсаны үр дүнд манайх Казахстаны ЭСЯ-нд газар олгох хүртэл хугацаанд манай ЭСЯ одоо эзэмшиж байгаа газраа түр хугацаагаар түрээсээр эзэмших зөвшөөрөл олгосон юм. Ийнхүү олон бэхршээлийг даван туулж, 2010 оны сүүлчээр ЭСЯ-ны барилгуудыг үндсэнд нь дуусгаж Астана хотод нүүж очсон билээ.
Алматы хот бол нэг сая гаруй хүн амтай, байгаль цаг уурын хувьд маш сайхан, амьдрахад нэн таатай хот. Алматы хотын өмнө талд сүрлэг сайхан Алатау уул байдаг бөгөөд мөнх цастай оргилтой, уулын түргэн урсгалт голтой, намартаа зэрлэг алим маш их ургадаг, дэлхийд алдартай Медеу мөсөн гулгуурын стадионтой, ер нь л жилийн аль ч улиралд сайхан амьдрах боломжтой газар билээ.
Би гэр бүлийн хамт Алматы хотод нэг жил амьдарсан. Тэнд
намайг ажиллаж байхад Монголын асуудлыг олон жил хариуцсан, манайд суугаа
ОХУ-ын ЭСЯ-нд элчин зөвлөхөөр ажиллаж байсан Мещанинов Борислав Борисович гуай ОХУ-ын Ерөнхий
консулаар ажиллаж байсан нь бас сайхан тохиолдол байлаа. Мөн тус ЕКГ-т манайд
ажиллаж байсан Елена Владимировна Кара-сал зөвлөхөөр, Оганов Артём Валерьевич
консулаар ажиллаж байсан юм. Үнэн хэрэгтээ Монголд
ажиллаж байсан бүхэл бүтэн баг тэнд байсан гэсэн үг. Бид үе үе уулзаж ажил
төрлөө ярихын зэрэгцээ тэд манай ЭСЯ-наас зохион байгуулсан цагаан сарын арга
хэмжээ, хүлээн авалтад байнга оролцож байсан, нэгэн удаа би тэднийг урьж,
Алатау ууланд монгол заншлаараа хорхогоор дайлж, Монголд байсан цаг үеэ дурсаж
сайхан өнгөрүүлсөн билээ.
Алматы хот нь Хятад, Казахстаны
хилээс их ойрхон, засмал замаар холбогдсон учраас энэ боломжийг ашиглан миний
бие Хятад, Казахстаны хилийн бүсэд шинээр байгуулагдаж байсан Хил орчмын хамтын ажиллагааны олон улсын төв “Хоргос”
/ХОХАОТ/-ын үйл ажиллагаа, төслийн хэрэгжилтийн явц, хэрэгжүүлж буй ажилтай
танилцахын зэрэгцээ Казахстан, Хятадын талын тус төвийн удирдлагуудтай танилцах
уулзалтыг 2010 оны 5 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд хийсэн юм. Гол нь манай
улсад олон жил яригдаж байгаа Алтанбулгийн чөлөөт бүс, Замын –Үүдийн чөлөөт
бүсийг байгуулахад санаа авах, туршлага болох зүйлүүдийг судлах зогрилготой
байлаа.
Хятад,
Казахстаны хилийн “Хоргос” боомт дээр баригдсан уг төсөл нь овор хэмжээ, ач
холбогдлын хувьд асар том төсөл бөгөөд Хятадын хувьд Баруун Европ - Баруун
Хятад хэмээх үндэстэн дамнасан худалдаа-үйлчилгээний шинэ орон зай бий болгох
зорилготой хэрэгжүүлсэн цоо шинэ төсөл байсан. Тус төвийг 2012 онд албан ёсоор
нээсэн бөгөөд үйл ажиллагаа нь жигдэрсэнээр хоёр орны экспортын чиглэлийн
үйлдвэрүүд хөгжиж, уг төвд байрлалтай шинэ үйлдвэр, аж ахуйн нэгжүүд нь 2-5
жилийн дотор гаалийн татвар, нэмүү өртөгийн албан татвар, орлогын татвар гэх
мэт төрөл бүрийн татвараас бүрэн чөлөөлөгдөж, тус төвд олсон орлогоо өөрийн улсын
бусад нутаг дэвсгэр болон гадаад руу шууд шилжүүлэх боломжтой болсон юм.
“Хоргос” чөлөөт бүс нь худалдаа, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, аялал жуулчлал - үйлчилгээ, санхүү эдийн засгийн гэсэн бүх хэлбэрийг бүрэн агуулсан төв болсон бөгөөд Казахстаны Алматы мужийн Панфилов дүүрэг, Алматы хотоос 375 км, Хятадын ШУӨЗО-ны Илийн казах үндэстний өөртөө засах мужийн Кулжа хотоос 90 км, ШУӨЗО-ны нийслэл Үрэмч хотоос 670 км-т оршдог.
”Хоргос” төвийн нэг чухал онцлог бол талууд хоёр талаасаа өөр өөрсдөд тохирох нутаг дэвсгэр таслан гаргаж нэгдсэн чөлөөт бүс байгуулсан явдал юм. Ийм онцгой шинэ бүсийг Хятадын хувьд ч, Казахстаны хувьд ч анх удаа байгуулсан байна. Нийт нутаг дэвсгэрийн хэмжээ 5,28 кв. км. Одоогоор Казахстаны тал 185 га, Хятадын тал 343 га газрыг уг төвийг барьж байгуулахад зориулжээ. Талууд чөлөөт бүсийн дотор тээвэр, явган хүн зорчих тусгай коридор бий болгожээ. Энэ шинэ төвийн бас нэг онцлог нь хоёр талаас тус төв рүү орох гадаадын болон хоёр талын иргэд нь виз авахгүй, зөвхөн хүчин төгөлдөр иргэний үнэмлэхээр зорчиж болох бөгөөд харин гарахдаа аль улсаас орсон тэр улс руугаа буцаж гарах ёстой ажээ. Хэрэв нөгөө улс руугаа явах бол зохих журмын дагуу виз авах юм.
Үйлдвэр
байгуулахдаа талууд усны хэрэглээ багатай, байгаль орчинд ээлтэй, ялангуяа
хөрсний эвдрэлд нөлөөлөхгүй үйлдвэрлэлийг байгуулж хөгжүүлэхээр төлөвлөгөөнд
тусгажээ. Тухайлбал, гадаадын пүүс, компанийн захиалгаар аудио, видео тоног
төхөөрөмж, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, цахим төхөөрөмж угсрах үйлдвэрүүд,
экспортын чиг баримжаатай оёмол, сүлжмэл эдлэл, модон эдлэл, бэлэг дурсгалын
зүйлийн үйлдвэрлэл гэх мэт. Худалдааны хэсэгт Биржийн арилжаа, үзэсгэлэн
худалдаа зонхилон эрхлэх худалдааны цогцолбор байгуулах бөгөөд барааг ангилж
савлах, сав баглаа боодлыг сайжруулах нэмэгдэл үйлчилгээ үзүүлнэ. Худалдааны
хэсэгт банк, санхүүгийн байгууллага, холбоо, мэдээллийн төвийг байгуулна. Аялал
жуулчлал-үйлчилгээний хэсэгт Аялал жуулчлалын бааз, зочид буудал, ресторан,
кафе, түргэн хоолны газар, гольфийн талбай, морин уралдааны талбай, шоу
бизнесийг хөгжүүлэх зэрэг төслийг хэрэгжүүлэхээр тусгасан байсан.
Хил орчмын хамтын ажиллагааны олон улсын төв “Хоргос”
/ХОХАОТ/ нь Хятадад урьд өмнө байгуулж байсан чөлөөт бүсүүдээс зарчмын
ялгаатай, шинэ зүйл болсон юм. Манай улсын хувьд Орос, Хятадын хил дээр чөлөөт бүс байгуулахаар олон жил
ярьж байгаа бөгөөд эндээс санаа авах зүйл их байсан. Иймээс чөлөөт бүсийн үйл
ажиллагааг эрхлэн явуулж байгаа манай албаны хүмүүс тэнд очиж үзэж танилцах нь
зүйтэй гэсэн санал төвд тавьсан боловч ямар ч хариу өгөөгүй юм.
Мөн тэр үеэр
Алматыд суугаа Хятадын Ерөнхий консул Сунь Инзянь урьдчилан зохион байгуулж
өгсөн учраас ШУӨЗО-ны Илигийн казах үндэстний өөртөө засах тойрогт зочилж,
нутгийн удирдлагуудтай уулзаж, орон нутгийн байдалтай танилцах боломж олдсон
юм. Или хот нь эртний түүх дурсгалын газар ихтэй, газар тариалан, түүний дотор
хүлэмжийн аж ахуй их эрхэлдэг газар байсан. Тус тойрогт мөн монгол үндэстнүүд
оршин суудаг юм билээ.
Алматы
хотод ОХУ, Казахстан зэрэг орнуудын хамтран байгуулсан “Евроазийский Банк
Развития” байрладаг бөгөөд тус банкны Гадаад харилцааны хэлтсийн дарга Панченко
Михаил Валентинович, орлогч дарга Попов Владимир Васильевич нар нь надтай
Москвагийн ОУХДС-д хамт суралцаж байсан юм. Иймээс тэд намайг элчин сайдаар
томилогдон очсонд баяртай байсан бөгөөд үе үе уулзаж, ажил төрлийн нягт
холбоотой ажиллаж байлаа. Тус банкнаас манай улсад хөрөнгө оруулах асуудлыг сонирхож
байсан учраас би тус банкны төлөөлөгчдийг манай улсад айлчлуулж, төр засгийн
холбогдох байгууллагуудтай яриа хэлэлцээ хийж, зарим асуудлаар тохиролцоод
байсан юм. Харамсалтай нь манайд засгийн
газар солигдож, урьд ярьж тохирсон зүйл хэрэгжээгүй юм.
2010 онд манай
улсад зудын гамшиг нүүрлэж гадаад орнуудаас тусламж дэмжлэг авч байлаа. Манай Элчин
сайдын яамнаас Казахстаны төр засгийн байгууллага болон иргэдэд бодит байдлыг
сурталчлан танилцуулж байсан бөгөөд Казахстаны засгийн газраас Монгол Улсад буцалтгүй
тусламж болгон 1,5 мянган тонн цагаан будаа олгосон билээ. Мөн үүний зэрэгцээ Казахстаны иргэд, аж ахуйн
байгууллагуудаас ч тусламж үзүүлэх санаачилга гаргаж байсан юм. БН Казахстан
Улсын Шымкент мужийн “ЗАРИНА” тариалангийн аж ахуйн тэргүүн Мирзахметов М.М
Монгол улсад болж байгаа зудын гамшигийг давахад малчдад туслах тухайгаа албан
ёсоор мэдэгдэж 16000 /Арван зургаан мянган / ширхэг боодол өвс бэлэглэх тухай санал
манай ЭСЯ-нд тавьсан юм. Харин тус аж ахуй тээврийн зардлыг хариуцах боломжгүй
гэдгээ мэдэгдэж, тээврийн зардлыг манай талаас хариуцах хүсэлт тавьсан билээ.
Харамсалтай нь манай тал тээврийн зардал хариуцаж чадахгүй гэсэн учраас уг
тусламжийг авч чадаагүй юм.
Манай
Элчин сайдын яам Дэлхийн казахуудын холбоотой хамтран Монголоос ирсэн казахуудын
дунд “Төрсөн нутгийн шороо алт” гэсэн урлагийн тоглолтыг 2010 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Алматы
хотын КАЗАХКОНЦЕРТ театрийн их танхимд зохион
байгуулсан нь тэнд ажиллаж амьдарч байгаа Монголоос очсон казахуудын халуун
талархлыг хүлээсэн юм. 1000 гаруй хүний суудалтай концертын танхим гишгих
газаргүй дүүрч, монгол дуу хөгжмийг даган дуулж, босч алга ташиж байсан зэргээс
харахад аргагүй л эх нутгаа санагалздаг юм байнадаа гэж сэтгэл огшиж байсан
билээ.
Энэхүү арга
хэмжээнд оролцсон нутаг нэгт ахан дүүс, казахын ард түмэнд
хандан миний бие болон “Дэлхийн Казахуудын холбоо”-ны дэд тэргүүн Талгат
Мамашев, доктор К.Зардыхан нар мэндчилгээ дэвшүүлж, Монголын урлаг, соёлын
одууд МУАЖ Э.Хавлаш, ард түмний гавьяат жүжигчин Д.Түвшинбаяр, МУСТА Баделхан,
Гүлжамила, дуу бүжгийн ОРД хамтлаг,
Хасан Галиевийн нэрэмжит уралдааны тэргүүн байрын шагналт, тэргүүний уран
сайханч дуучин Д.Алтангүль нар уран бүтээлээ хүргэсэн нь үзэгчдийн талархал хүлээсэн
юм.
Алматы хотод ажиллаж байхад бас нэг сонин тохиолдол
болсон юм. Алматы хотноо Зүч хааны 28 дахь удамын Алтынбеков Крым гэдэг хүн
ажиллаж амьдардаг юм байна. Тэрээр археологийн олдворыг сэргээн засварладаг “
Остров Крым” гэдэг хувийн лабораторитой бөгөөд биднийг тус лаборторынхоо үйл
ажиллагаа, хийж бүтээсэн ажилтайгаа танилцуулсан юм. Казакууд удам судраа маш
сайн мэддэг нь харагдаж байсан. Анх казахийн эрдэмтэд түүнийг Зүч хааны удам
гэхэд нь итгээгүй, харин Монголд хэвлэгдсэн Чингис хааны удмын тухай номонд
өөрийнх нь нэр байгааг хараад итгэсэн гэж тэрээр ярьж байсан. Тэрээр Их Монгол
Улс байгуулагдсны 800 жилийн ойн арга хэмжээнд уригдан оролцсон юм билээ.
Түүний лабортори Казахстанд олдсон олон чухал түүхэн олдворыг сэргээн
засварласны дотор Казахстаны билэг тэмдэг болсон “Алтан хүн” олдворыг сэргээн
засварласан юм билээ.
Казахууд удам судраа сайн мэдэж байгаагийн бас нэг жишээ
нь Казахстаны судлаач Г.Ж.Табулдины зохиосон “Чингизиды” ном юм. Тэрээр өөрийн
номондоо Чингисын удмын хаадын үе удмыг нэг бүрчлэн оруулсан байсан.
Г.Ж.Табулдин 2011 онд Улаанбаатар хотноо болсон дэлхийн Монгол судлаачдын олон
улсын их хуралд оролцож уг номоо танилцуулсан юм. Манай эрдэмтэд уг бүтээлийг
хэрхэн үзэж байгаа талаараа үнэлэлт дүгнэлт
өгвөл зүгээр гэж боддог юм.
Манай Элчин
сайдын яам Астана хотруу шилжин байрлахаар Алматы хотод байгаа байрыг хэрхэн
ашиглах вэ гэсэн асуудал гарч ирсэн. БНКазУ-д суугаа гадаадын ДТГ-уудын байдлыг
харахад хэдийгээр ЭСЯ-д нь Астана хотод
шилжсэн ч гэсэн Алматы хотод ямар нэг төлөөлөл үлдээсэн байсан. Алматы хотод 20 гаруй орны ЕКГ, КГ,
Худалдааны төлөөлөгчдийн газар, ЭСЯ-ны төлөөлөгч гэсэн дипломат статустай
нэгжүүд байлаа. Энэ нь Казахстан Улс Алматы хотыг Төв Азийн санхүү, эдийн
засгийн төв болгохоо зарлаж, энэ чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж
байгаа, СВМДА-ийн НБДГ, “Евроазийн банк”, НҮБ-ын зарим төлөөлөгчийн газрууд
зэрэг бүс нутгийн олон байгууллагууд энд байрлаж байгаатай холбоотой байсан юм.
Иймээс
Алматы хотод манай улсын төлөөлөл ч байх шаардлагатай гэж элчин сайдын хувьд үзэж
байсан бөгөөд энэ саналаа ч төвд удаа дараа тавьж зөвшөөрүүлсэн юм. Гол
үндэслэл маань 1-д, Алматы болон түүний эргэн тойронд манай улсаас шилжин
суурьшсан иргэд олон байдаг бөгөөд иргэдийн эрх ашгийг хамгаалахтай холбоотой
асуудал их гардаг, тэр болгоныг Астана хотоос зохицуулах боломж муутай, 2-т,
Алматы болон түүний эргэн тойрны хот, мужууд нь манай улстай уламжлалт өргөн
харилцаатай, ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх
боломжтой, 3-т, Алматы хот Төв Азийн санхүү, эдийн засгийн төв болбол хамтын
ажиллагаа хөгжүүлэх илүү боломж гарна, 4-т, тус ЭСЯ-ны хавсран суугаа Киргизийн
БНУ-тай харилцахад илүү тохиромжтой байсан явдал юм.
Нөгөө
талаар Алматы хотод байгаа манай ЭСЯ-ны байр нь манай улсын өмч бөгөөд энэхүү
байр нь Алматы хотын элит хороололд байрладаг, цаашид ч худалдаа, эдийн засгийн
болон консулын төлөөллийг ажиллуулах бүрэн боломжтой газар юм.
Алматы хотод ЭСЯ байрлаж байхад Киргизтэй харилцахад хялбар
байсан. ЭСЯ-ныхаа машинаар 2-3 цагийн хугацаанд л Киргизийн нийслэл Бишкек
хотод очдог байлаа. Киргиз явах замдаа нэг сайхан уулын орой дээр бид зориуд
овоо босгосон юм. Тэгээд ирж очих болгондоо уг овооны дэргэд зогсож, идээ
цайныхаа дээжийг өргөдөг байлаа. Дараа дараагийн нөхөд маань тус овоонд
хүндэтгэл үзүүлж, чулуу нэмэрлэж байсан бол одоо гайгүй том овоо болсон байхаа.
Алматыд ЭСЯ үйл ажиллагаагаа явуулж байхад бодит бэрхшээл
байсан ч гэсэн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллаж
тодорхой үр дүнд хүрсэнг тэмдэглэх хэрэгтэй.
Comments