как привлечь трафик на сайт

Дипломат болох ховорхон аз тохиосон юм №1

 


Монгол Улсын дипломат албанд зүтгэсэн он жилүүд номноос

Дипломат болох ховорхон аз тохиосон юм

Алтай хотын төвийн 10 жилийн нэгдүгээр дунд сургуулийг 1972 онд онц дүнтэй төгсөөд МУИС-ийн орос хэлний нэгдүгээр дамжаанд суралцаж байтал нэг өдөр ГХЯ-ны Боловсон хүчний хэлтсээс дуудаж уулзаад “Өөрийг чинь ГХЯ-ны нэр дээр Болгар улсад сургуульд явуулах саналтай байна, татгалзах зүйл байна уу” гэж асуулаа. Надад ч татгалзах зүйл юу байх билээ,  шууд л бичиг баримт бүрдүүлэх, эрүүл мэндийн үзлэгт орох гээд бэлтгэл ажилдаа орсон юм. Гол нь сурлага сахилга сайтай, хөдөөгийн малчны хүүхэд гэдгээр сонгогдсон юм билээ. Хожим сонсвол Ю.Цэдэнбал дарга “Дипломат албанд бэлтгэх сургуульд хөдөөний хүүхдүүд явуул” гэж ГХЯ-нд үүрэг өгсөн байжээ. Надтай хамт бэлтгэлд орсон 10-аад хүүхдүүд бүгд л ажилчин, малчны хүүхдүүд байсан. Иймээс миний дипломат албанд орсон нь азтай тохиолдол байжээ гэж боддог юм. Ингээд бүх бэлтгэлийг хангасны дараа ГХЯ-наас 14 хоногийн чөлөө өгч хөдөө байгаа эцэг эхтэйгээ уулзаад ир гээд явуулсан юм. Хөдөө гэртээ хоёр долоо хоноод буцаж ирвэл миний Болгар явах хуваарийг Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн хуваариар сольсон байлаа. Миний оронд Болгарт суралцах болсон хүн маань Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд (ОУХДС ) суралцахад нас нь хэтэрсэн байжээ. Тэрээр тухайн үеийн ГХЯ-ны дэд сайдын хүргэн байсан юм. Би уг нь тохирсон ёсоор Болгарт сургуульд явах хүсэлтэй байгаагаа хэлсэн боловч дээр дурдсан шалтгааныг тайлбарлаад зөвшөөрөөгүй юм. Гэхдээ би Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд сурсандаа огтхон ч харамсдаггүй .

Москвагийн ОУХДС тухайн үедээ социалист орнуудын дипломатуудыг бэлтгэдэг цорын ганц сургууль байсан. Сургалтын шахуу програмтай, өндөр шаардлагатай, олон улсын тавцанд нэр хүндтэй сургууль байлаа. Оюутнууд гадаадын хоёр хэл заавал үзэх бөгөөд орос хэлийг ажлын хэл гэж үздэг байсан учраас гадаадын оюутнууд бид гурван гадаад хэлийг зэрэг үзэж, ЗХУ-ын болон дэлхийн түүх, олон улсын харилцаа, олон улсын эрх, гүн ухаан гэх мэт нийгмийн шинжлэх ухааны бүх л чиглэлийг судалж байсан учраас өглөөнөөс шөнө дөл хүртэл завгүй суралцахад хүрч байлаа. 

Харин дипломат албанд гарсны дараа гадаадын аль ч оронд ажилласан, эсвэл олон улсын хурал, арга хэмжээнд оролцож явахад манай сургуулийг төгсөгчид байнга тааралдаж байсан нь ямар чухал сургууль болохыг харуулсан үзүүлэлт гэж боддог юм. 

Нэг сонин зүйлийг дурсахад намайг 1981-1987 онд Бээжинд суугаа ЭСЯ-ндаа ажиллах хугацаанд яг надтай хамт нэг ангид хятад хэл үзсэн янз бүрийн орны дипломатууд, тухайлбал ОХУ-ын 3 дипломат, Герман, Унгар, Болгарын дипломатууд мөн тус тусынхаа ЭСЯ-нд хүрэлцэн ирж хамт ажилласан явдал юм. Бид яг л оюутан байсан шигээ байнга уулзаж бие биенийхээ ажилд тусалж байсны зэрэгцээ гэр бүлээрээ уулзаж, баяр ёслолоо хамтран тэмдэглэж цаг хугацаагаа хөгжилттэй өнгөрүүлж байсныг мартах аргагүй. Одоо ч гэсэн ОХУ-аас Монголд суугаа элчин сайд Азизов Искандер Кубарович мөн л надтай хамт 5 жил нэг ангид хятад хэл үзсэн хүн, миний нэг ангийн нөхөр маань манай улсад элчин сайдаар ажиллаж байгаад би бахархаж байна. 

Би 1990-1991 онд ОХУ-ын дипломатын академид суралцсан юм. Хоёр жилийн сургалтын хөтөлбөрийг нэг жилийн хугацаанд сурч улаан дипломтай төгссөн. Уг нь дэд эрдэмтний зэрэг хамгаалахаар бэлтгэж байсан боловч зах зээлийн харилцаанд шилжсэн учир хөрөнгө мөнгөний бололцоогүй байдлаас шалтгаалан хэрэгжүүлж чадаагүй юм. Тэр үед ОХУ-д эдийн засгийн хямрал нүүрлэсэн, гол гол хүнсний бараа картанд орсон үе байсан.  Монголд амьдрал бүр ч хүнд байсан.  Гэвч сургуулиа амжилттай төгсч чадсан.

Дипломатын академид хамт суралцаж байсан нөхөдтэйгээ хожим дахин уулзаж хамтран ажиллах боломж бас гарсан юм. Намайг Казакстан улсад элчин сайдаар ажиллах үед надтай Дипломатын академид хамт суралцсан К.Токаев БНКазахстан Улсын Сенат (Парламентын дээд танхим)-ын даргаар ажиллаж байсан бөгөөд миний ажилд бас их дэмжлэг туслалцаа үзүүлж байсан. Мөн хамт суралцаж байсан Айтжан Айдашев Казакстанаас БНТажикстан Улсад суугаа Элчин сайдын Яаманд элчин зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд намайг Тажикстан улсад очих бүрд уулзаж бүх талаар туслаж байсан билээ. Ер нь дипломатууд нэг орноос нөгөө оронд нүүдлийн шувуу шиг явдаг хүмүүс шүү дээ.

khar-ayur.blogspot.com

Comments