Олон улсын болон бүс нутгийн байгууллагуудтай
ажилласнаа
дурсахуй
БНКазахстан
Улсад суугаа манай ЭСЯ-ны ажлын нэг чухал чиглэл нь Казахстанд төвтэй бүс нутгийн байгууллагуудын
үйл ажиллагаанд оролцох, холбоо харилцаа барих явдал байсан бөгөөд ЭСЯ Төв
Азийн бүс нутгийн орнуудын олон талт үйл явц, яриа хэлэлцээнд идэвхтэй оролцож
ирсэн.
Намайг элчин сайдаар ажиллаж байхад Казахстан улсын
түүхэнд онцгой ач холбогдолтой олон улсын үйл явдлууд удаа дараалан болж
байлаа. Энэ нь 2010 онд Казахстан улс анх удаа ЕАБХАБ (Европын аюулгүй байдал,
хамтын ажиллагааны байгууллага ), 2011 онд Исламын бага хурлыг даргалж, Шанхайн
хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын дээд хэмжээний зөвлөлгөөн, Азийн хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын 20 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэсэн зэрэг
онцгой үйл явдлууд болсон юм. Казахстан улс ЕАБХАБ-ын даргын хувиар маш олон чухал арга хэмжээ
зохион байгуулсан нь тус улсын нэр хүндийг олон улсын тавцанд өндөрт өргөсөн
юм.
Энэхүү
шийдвэрийн үндсэн дээр Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын дээд хэмжээний долдугаар уулзалт БНКазахстан
Улсын нийслэл Астана хотноо 2010 оны 12 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд болсон
билээ. ЕАБХАБ-ын гишүүн 56 улс, тус байгууллагатай хамтран ажилладаг түнш 12 улсын
төр, засгийн тэргүүн, Гадаад хэргийн сайд, НҮБ зэрэг олон улсын 67
байгууллагын удирдагчид оролцсон олон улсын үнэхээр томоохон арга хэмжээ
байлаа. Энэхүү дээд хэмжээний уулзалтад миний бие Монгол Улсын Их Хурлын дэд
дарга Г.Батхүү тэргүүтэй манай улсын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж ажилласан
юм.
ЕАБХАБ-ын
дээд хэмжээний уулзалт 1999 онд Турк
улсын Станбул хотноо чуулсанаас 11 жилийн дараа
тус байгууллагыг 2010 онд тэргүүлсэн БНКазахстан Улс өөрийн оронд ийнхүү зохион байгуулж чадсан нь тус улсын
гадаад бодлогын нэн чухал амжилт гэж бодож байна.
Дэлхийн
хоёр дайны асар их гамшиг, гарз хохирлыг туулсан Европ тивд аюулгүй байдлын тогтолцоо бий болгох талаар
тус тивийн улсууд 1970-аад оны эхээр олон
удаагийн яриа хэлэлцээ хийсний үр дүнд Финланд Улсын нийслэл Хелсинки хотноо 1975 оны 8 дугаар сарын 1-нд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны
зөвлөлгөөнийг зохион байгуулсан. Европын 33 улсаас гадна АНУ, Канад улс уг Европын
аюулгүй байдал, хамтын ажиллагааны зөвлөлгөөний Төгсгөлийн баримт бичигт гарын
үсэг зурсан билээ.
Ийнхүү
35 жилийн тэртээ Хельсинкид эхлэсэн Атлантын далайн эргээс Уралын нурууг хүртэл
нэгдмэл Европыг цогцлоон байгуулах үзэл санаа,
ЕАБХАБ-ыг үүсгэн байгуулж Ванкуверээс Владивостокийг хүртэл Европын аюулгүй байдлыг хангах зарчмуудаар
өргөжин тэлсэн бөгөөд улмаар Евроазийн
уудам орон зайд аюулгүй байдлын нэгдсэн
орчныг бий болгоход энэ удаагийн дээд хэмжээний уулзалт чухал түлхэц үзүүлсэн
гэж олон улсын ажиглагчид үздэг юм билээ.
Миний бие элчин сайдын хувиар Шанхайн хамтын ажиллагааны
байгууллагын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын 2010 оны 11 дүгээр
сарын 24-25-ны өдрүүдэд Душанбе хотноо болсон зөвлөлгөөнд Монгол Улсын Гадаад
харилцааны сайд Г.Занданшатар тэргүүтэй манай улсын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд
орж ажилласан. Мөн 2011 оны 6 дугаар сард Астана хотноо болсон
Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын дээд хэмжээний
зөвлөлгөөнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Баттулга тэргүүтэй төлөөлөгчдийн
бүрэлдэхүүнд орж ажилласан билээ. Үүний зэрэгцээ ШХАБ-ын гишүүн орнуудын соёлын
сайд нарын уулзалт, Дотоодыг хамгаалахын сайд нарын уулзалт болон ажлын хэсэг,
эрдэмтэн мэргэжилтнүүдийн уулзалт семинар зэрэгт байнга оролцож ирсэн юм.
Мөн Элчин
сайдын хувиар Төв Азийн бүс нутгийн орнуудын олон талт үйл явц, яриа хэлэлцээнд
идэвхтэй оролцож байлаа.
Азид
хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын Алматы хотноо байрлах Нарийн
бичгийн дарга нарын газартай байнгын холбоотой ажиллаж, тус байгууллагыг зохих
мэдээллээр хангаж, тус байгууллагаас зохион байгуулж байсан бүхий л арга
хэмжээнд идэвхтэй оролцож байлаа. Энэхүү байгууллагыг Казахстаны Ерөнхийлөгч
Н.Назарбаевын санаачилгаар байгуулсан бөгөөд Казахстаны зүгээс маш их анхаарал
тавьж, хөрөнгө санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлж ирснээр одоо бүс нутгийн яриа
хэлэлцээний нэг чухал механизм болоод байгаа юм.
Казахстан улсын нийслэл Астана
хотод 2012 оны 9 дүгээр сарын 9-10-нд болсон АХАИБЗ (Азид хамтран
ажиллах, итгэлцлийг бэхжүүлэх зөвлөлгөөн)-ий Ахлах албан тушаалтны хорооны хуралд миний
бие Монгол Улсыг төлөөлөн оролцож, АХАИБЗ-ий Гадаад хэргийн сайд нарын 4 дүгээр
уулзалтаас гаргах тунхаглалын баримт
бичигт манай улсын байр суурийг тодорхой тусгуулж чадсан юм. Тус зөвлөлгөөний 2012 оны 9
дүгээр сарын 12-ны өдөр болсон уулзалтын онцлог нь АХАИБЗ-ний 20
жилийн ойг тэмдэглэсэн явдал байлаа. Сайд нарын уулзалтын нээлтийн ажиллагаанд
БНКазУ-ын Ерөнхийлөгч Н.А.Назарбаев оролцож тус байгууллагын 20 жилийн
хугацаанд гүйцэтгэсэн үүрэг, үйл ажиллагаа, цаашдын зорилтын талаар дэлгэрэнгүй
үг хэлсэн билээ.
“Азид
хамтран ажиллах, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын Нарийн бичгийн дарга нарын
газар, түүний ажилтан, гишүүн улсуудын төлөөлөгчдийн эрх ямба, дархан эрхийн
тухай конвенц”-д Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн элчин сайд миний бие гарын
үсэг зурж, “АХАИББХ-ын Нарийн бичгийн дарга нарын газрын Дүрэм”-д Монгол Улс
нэгдэн орсон тухай баримт бичгийг казахстаны талд гардуулсан юм.
Монгол
Улс Төв Азийн орны хувьд энэ бүс нутгийн яриа хэлэлцээ, хамтын ажиллагаанд
идэвхтэй оролцох шаардлагатай гэж би үздэг. Иймээс 2010 онд Алматы хотод зохион
байгуулагдсан ТрансАзийн парламентын “Евроазийское измерение ОБСЕ” форум, Азийн хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын Гадаад хэргийн сайд нарын уулзалт зэрэг олон
улсын томоохон хурал, зөвлөлгөөнд Монгол Улсыг төлөөлж оролцож байсан билээ.
Казахстаны засгийн газрын санаачилгаар “Казахстаны
тээврийн өдрүүд-2011” гэсэн олон улсын арга хэмжээ 2011 оны 11 дүгээр сарын
10-11-ний өдрүүдэд Астана хотноо болсон. Энэхүү арга хэмжээний хүрээнд
“Трансевразия-2011” сэдэвтэй олон улсын 8 дугаар бага хурал, ТУХН-ийн орнуудын
тээврийн зохицуулах зөвлөлгөөний 31 дүгээр хуралдаан, Азийн хамтын ажиллагааны
яриа хэлэлцээний орнуудын тээврийн асуудлаарх анхдугаар форум, “Торгоны
зам-2011” олон улсын бизнес форум, олон улсын тээврийн үзэсгэлэн зохион
байгуулагдсан. Эдгээр арга
хэмжээний үеэр “Трансевразия-2011” олон
улсын 8 дугаар бага хурлын шийдвэр”, “Азийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээнд
оролцогч орнуудын тээврийн сайд нарын анхдугаар форумын Астанагийн
тунхаглал” гэсэн баримт бичгүүд гаргасан
юм. Энэ бол манай улсын ашиг сонирхолыг зүй ёсоор татсан зүйл байсан учраас
элчин сайдын хувиар өөрийн улсыг төлөөлөн оролцсон билээ.
Европ,
Азийг холбосон тээврийн асуудал бол Монгол Улсын байнгын анхааралдаа байлгах
ёстой асуудал гэж би боддог юм. Энэ хоёр их тивийг холбосон түүхт “Торгоны
замыг” манай өвөг дээдсүүд л байгуулсан. Одоо Хятадын удирдлага “нэг бүс, нэг
зам” гэсэн төслийг хэрэгжүүлж эхлээд
байна. Энэ төсөл манай улсад ч гэсэн шууд хамаатай, иймээс бид үүнээс хоцрох
ёсгүй.
Ийнхүү Төв Азийн гурван оронд элчин сайдаар
ажиллах хугацаандаа суугаа болон хавсран суугаа орнуудтайгаа нягт хамтран
ажиллахын зэрэгцээ олон улсын, бүс нутгийн олон хурал зөвлөлгөөнд улс орноо
төлөөлж оролцож ирсэн билээ.
Хавсран
сууж байсан Киргизстан, Тажикистантай ярьж тохиролцсон харилцаа, хамтын
ажиллагааны зарим ажлууд нь манай ЭСЯ-ны үйл ажиллагаанаас үл хамааран хэрэгжээгүй
юм. Газар нутгийн байршил, эдийн засгийн боломжоос шалтгаалан энэ хоёр улстай
эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэх боломж тааруухан байсан. Харин ЗХУ-ын
үеэс уламжлалт харилцаатай, бие биенээ сайн мэддэг орнуудын хувьд олон улсын
талбарт болон соёл урлаг, биеийн тамир спорт, боловсролын чиглэлээр хамтран
ажиллах боломж байна гэж үздэг. Эдгээр орнуудын хувьд манай улс төрийн тогтолцоо, ардчилалын туршлагаас авах зүйл их байгаа.
Үүний тодорхой жишээ нь Киргизстаны парламентын төлөөлөгчид хоёр ч удаа манай
улсад айлчилж манай улс төрийн тогтолцоо, засаглалын туршлагыг судалсан явдал
юм.
Ийнхүү Төв Азийн гурван оронд эх орноо бүрэн эрхтэй
төлөөлөн элчин сайдаар ажилласан нь миний амьдралын бас нэг шинэ хуудас байлаа.
Орон болгон өөрийн онцлогтой ч нэгдмэл зүйл их байсан. Энэ гурван орон ЗХУ-ын
бүрэлдэхүүнд байсан, манай улстай түүхэн харилцаатай, гурвуулаа 90-ээд оны
эхээр ЗХУ задран унаснаар тусгаар тогтнолоо олж авсан, оросуудын нөлөө ихтэй,
Зөвлөлтийн хэв шинжээ хадгалсан, орос хэлийг албан ёсны хэл болгосон улсууд
байсан нь миний хувьд элчин сайдаар ажиллахад нэн тааламжтай байсан. Нөгөө
талаар очсон орон болгонд надтай Москвагийн ОУХДС, Дипломатын академид хамт
суралцаж байсан, эсвэл Бээжинд суугаа ЭСЯ-нд ажиллаж байхад нэгэн үед ажиллаж,
уулзаж нөхөрлөж явсан хүмүүс ГХЯ-ны сайд, дэд сайд, газар хэлтсийн даргаар
ажиллаж байсан нь миний ажилд их түшигтэй байлаа.
Би энэ үед
ямар их хувь тавилангаар Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд
суралцсанаа үе үе эргэн дурсаж, өөрийн эрхгүй бахархдаг байлаа. Үнэхээр
сургууль маань надад энэхэн дэлхийн хаана ч явсан уулзаж учрах, бие биеэ дэмжин
туслах олон сайхан найз нөхдийг бэлэглсэн юм билээ. “Танилтай бол талын чинээ”
гэж үүнийг хэлнэ.
Comments