как привлечь трафик на сайт

Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-нд ажилласан он, жилүүд ( Дурсамж номын үргэлжлэл №4)


 

1981 оны 9 дүгээр сард Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-нд атташегаар томилогдон очсон маань хоёр орны харилцааг хэвийн болгох анхны олон үйл явдалд идэвхтэй оролцох боломжийг надад олгосон юм. Энэ удаа ЭСЯ-нд ажиллах хугацаанд хоёр улсын хилийн шугамыг анх удаа шалгах хамтарсан комиссын монголын хэсэгт мэргэжилтнээр, иргэний агаарын тээвэр, төмөр зам, цаг уурын байгууллагын хооронд явагдсан хэлэлцээ болон консулын конвенц, хилийн дэглэмийн гэрээний талаарх хэлэлцээнд төлөөлөгчөөр тус тус оролцсон юм.

Мөн Хятадын “Соёлын хувьсгал”-аас хойш анх удаа Хятадад айлчилсан Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэгийн төлөөлөгчдийн гишүүнээр, Бээжинд нээгдсэн олон улсын номын үзэсгэлэнд төлөөлөгчөөр оролцож, Хятадад айлчлан тоглосон АДБЧуулгын жүжигчдийг ЭСЯ-аа төлөөлөн Шанхай хотоос угтан авч ( Чуулгынхан Японоос ирсэн юм ) Бээжин, Хөх хотод хийсэн тоглолтуудыг зохион байгуулж, Эрээн хотоос үдэн гаргаж байсан юм.  Энэ бүгд бол хоёр орны хооронд олон жил тасраад байсан олон чиглэлийн харилцаа сэргэх эхлэл болсон юм.

Түүний дотроос онцлон тэмдэглэхэд манай урлагийн хэсгийн Өвөр Монголд хийсэн тоглолт үнэхээр анхаарал татсан. 1960-аад оноос тасраад байсан соёлын том арга хэмжээ шүүдээ. Манай урлагийн хэсгийг Өвөр Монголд үнэхээр халуун дотно хүлээж авсан. Тэр үедээ хамгийн томд тооцогдох задгай стадионд нэг тоглолтыг зохион байгуулахад суудал дүүрэн байсан билээ. Зөвхөн урлагийнхан төдийгүй, энгийн иргэд ч гэсэн  манай жүжигчидтэй уулзах гэж бидний буусан зочид буудлын хажуугаар өдөр шөнөгүй эргэлдэж байсныг санаж байна.

Өнгөрсөн зууны 80-д оны дунд үе бол Монгол, Хятадын харилцаа янз бүрийн салбарт идэвхтэй сэргэн хөгжсөн үе байлаа. Хятад, Америкийн харилцааны эхлэлийг  одон бөмбөгийн /ширээний теннис/ дипломат тавьсан гэж ярьдаг бол Монгол, Хятадын харилцааны сэргэлтийн эхлэлийг хоёр талын чөлөөт бөхийн тамирчдын нөхөрсөг уулзалт тэмцээн тавьсан гэж би боддог. Тухайлбал, 1983 онд Улаанбаатар хотын чөлөөт бөхийн шигшээ баг (15 хүний бүрэлдэхүүнтэй) Бээжин, Хөх хотод нөхөрсөг тэмцээн хийсэн бол 1984 онд Хятадын чөлөөт бөхийн баг (13 хүний бүрэлдэхүүнтэй) Улаанбаатар, Эрдэнэт хотуудад уулзалт тэмцээн хийсэн юм. Миний бие тэр үед Бээжинд суугаа ЭСЯ-нд ажиллаж байсан болохоор Бээжин хотын биеийн тамирын ордонд болсон манай хоёр талын бөхийн барилдааныг үзсэнээ тодорхой санаж байна. Ордон дүүрэн үзэгчдийн олонхи нь манай тамирчдыг дэмжиж байсан юм шүү. Энэ бол мэдээж зочноо хүндэтгэх сэтгэл, гэхдээ гол нь 20 гаруй  жилийн дараа анх удаа очсон манай тамирчид тэдний анхаарлыг зүй ёсоор татсан гэж боддог юм.

1984-1985 онуудад Монгол, Хятадын соёл, урлагийн харилцааг сэргээх эхлэл болсон олон чухал арга хэмжээ зохиосон юм. Тухайлбал, Хятадын гар урлал, хатгамлын томоохон үзэсгэлэн Улаанбаатар хотноо гарсан, мөн Ардын зураач Н.Цүлтэмийн уран бүтээлийн үзэсгэлэнг Бээжин хотноо гаргасан билээ. 1985 онд Улаанбаатарт болсон “Азийн хөгжмийн индэр”-т Хятадын 8 жүжигчнийг урьж оролцуулсан, Монгол Улсын ардын дуу, бүжгийн чуулгын жүжигчид Бээжин, Хөх хотод, Хятадын Өвөр Монголын өөртөө засах орны дуу бүжгийн  “Улаан мөчир”  чуулга Улаанбаатар, Дархан хотуудад харилцан тоглолт хийсэн нь хоёр орны ард түмний халуун талархалыг хүлээсэн юм.

Хоёр тал 1986 оноос соёлын хамтын ажиллагааны төлөвлөгөө,  1987 оноос ШУТ-ийн салбарт хамтран ажиллах төлөвлөгөө байгуулан ажиллах  болсон нь эдгээр салбарын харилцаа, хамтын ажиллагааг төлөвлөгөөний үндсэн дээр өргөн далайцтай хөгжүүлэх боломжтой болсон юм.    

Миний бие хоёр орны иргэний агаарын тээврийн харилцааг сэргээн хөгжүүлэхэд хүчин зүтгэж байлаа. Хятадын иргэний агаарын тээврийн байгууллага болон Монголын иргэний агаарийн тээврийн байгууллагын төлөөлөгчид 1985 оны 11 дүгээр сард Бээжин хотноо уулзаж хоёр орны иргэний агаарын тээврийн байгууллагын хооронд шууд харилцаа тогтоох, тариф, тээвэрлэлт, санхүүгийн тооцооны асуудлаар болон Монголын МИАТ компаний онгоц  1986 оны 5-10 дугаар сарын хооронд Бээжин-Улаанбаатарын хооронд тогтмол нислэг хийх талаар тохиролцсон. Энэ хэлэлцээнд миний бие ЭСЯ-наасаа оролцсон юм. Зохих бэлтгэлийг хангасны үндсэн дээр 1986 оны зун манай МИАТ компаний АН-24 онгоц Бээжин, Улаанбаатарын хооронд нислэг үйлдэж эхэлсэн. Тухайн үед МИАТ-ын төлөөлөгч гэж Бээжинд байгаагүй учраас ЭСЯ-ны ажилтан миний бие үнэн хэрэгтээ МИАТ-ын төлөөлөгчийн үүргийг гүйцэтгэж онгоцыг угтан авч, нисэгчдийг ЭСЯ-н дээр авчирч хоол өгөөд дараа нь онгоцны буудалд очиж гаргаж өгдөг байсан. Манай нисэгчид замдаа Санлитунгийн гудамжид байсан нэг бүрэн барааны дэлгүүрээр орж жаахан зүйл худалдаж аваад явдаг байсан тул манайхан түүнийг хожим нь нисэхийн хар дэлгүүр гэж нэрлэдэг байж билээ. Манайхан АН-24 онгоцоо дээд зэргээр гоёж, бүхий л төрлийн үйлчилгээ үзүүлэх боломжоор бүрэн ханган нислэг үйлдэж байсан. Гэхдээ л гадаадын жуулчид ийм жижиг онгоцоор нисэхгүй гэж хэл ам хийх үе гарч байсан. Нисэгчид маань англи хэлний мэдлэг тааруухан учраас Монгол Улсын Их Сургуулийн англи хэлний багшийг орчуулагчаар авч явдаг байлаа. Одоо тэр үеийг мэддэг нисэгчид бараг байхгүй биздээ. 

Энэ үед мөн хоёр орны найрамдлын нийгэмлэгийн төлөөлөгчид ч харилцан айлчлсан юм. Миний бие 1990-д оноос хойш Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэгийн орлогч даргаар хавсран ажиллаж, манай хоёр ард түмний найрамдлыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж ирсэн билээ.

          Эдгээр олон чухал үйл хэргийн дотроос Монгол, Хятадын хилийн шугамыг анх удаа шалгах хамтарсан комиссын монголын хэсэгт мэргэжилтнээр ажилласан нь шинэхэн дипломат миний хувьд яриа хэлэлцээ хийх том сургууль болсон билээ. Хятадын ГХЯ-тай хилийн шалгалтын асуудлаар шууд харилцаж байх зорилгоор Бээжинд суугаа ЭСЯ-ны дипломат ажилтан миний биеийг уг комисст мэргэжилтнээр оруулсан юм. Хамтарсан комиссын хуралдаанд анхнаас нь оролцож, асуудлыг мэддэг хүн тэнд ажилласан нь хуралдааны завсар хугацаанд гарсан аливаа асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байсныг амьдрал харуулсан билээ.

Түүнээс хойш хилийн дэглэмийн гэрээний талаарх хэлэлцээнд төлөөлөгчөөр, хилийн боомтын талаарх хэлэлцээнд монголын хэсгийн төлөөлөгчдийн орлогч даргаар тус тус оролцсон нь хоёр орны хилийн шугамыг бэхжүүлэх, хоёр орны ард түмний найрсаг харилцааг хөгжүүлэхэд  чухал ач холбогдолтой ажлууд байсан юм.

Хоёр улс 1962 онд байгуулсан хилийн гэрээний үндсэн дээр хилийн шугамаа тогтоож, 1964 онд “Хилийн тухай протокол”-д гарын үсэг зурснаас хойш 20 шахам жилийн дараа хилийн шугамаа анх удаа хамтран шалгасан нь энэ юм. Уг нь протокол ёсоор 5 жил тутамд шалгаж байх ёстой боловч харилцааны байдлаас шалтгаалан шалгалгүй явж ирсэн. 1982-1984 онд хилийн шугамыг анх удаа хамтран шалгасан нь хилийн шугамыг улам тодорхой болгосны зэрэгцээ хоёр орны харилцааны уур амьсгалд нааштай чухал нөлөө үзүүлсэн билээ.

Хилийн хамтарсан шалгалтын төгсгөлийн баримт бичигт гарын үсэг зурахаар ГХЯ-ны нэгдүгээр орлогч сайд Д.Ёндон Хятадад албан ёсоор айлчилж, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, ГХЯ-ны сайд У Сюэцяньтай уулзаж, хилийн хамтарсан шалгалтаас гадна хоёр орны харилцааны асуудлаар санал солилцсон нь “Соёлын хувьсгал”-аас хойш анх удаа өндөр түвшинд улс төрийн асуудлаар ярилцсан хэрэг байлаа.

Хилийн хамтарсан шалгалтын гол үр дүн болсон “ Монгол, Хятадын хилийг нэг дэх удаа хамтран шалгасан тухай БНМАУ-ын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Протокол” болон түүний хавсралт “БНМАУ ба БНХАУ-ын хилийн зурвасын газрын зургийн шинэтгэсэн альбом”-д Монгол Улсын засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч, ГХЯ-ны нэгдүгээр орлогч сайд Д.Ёндон, Хятадын засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч, ГХЯ-ны орлогч сайд Хань Сюй нар 1984 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Бээжин хотноо гарын үсэг зурсан юм.

Ийнхүү хилийн шугамыг анх удаа хамтран шалгасны үр дүнд хоёр орны хилийн шугам улам тодорхой болсон. Гол үр дүн гэвэл:

-        Хилийн тухай протоколд тодорхойлогдсон хилийн 639 тэмдгийг газар дээр нь шалган үзэж, эвдэрч гэмтснийг нь засч шинэчилсэн.

-        Урьд нь хилийн тэмгийн хоорондын зай хол байснаас харагдац муу, нутгийн иргэд зарим газарт хилийн шугамыг анзаарахгүй зөрчих явдал гарч байсан учраас хилийн тэмгийн нягтралыг сайжруулах үүднээс 474 туслах чанарын тэмдгийг шинээр босгосон.

-        Хилийн шугам болгосон зарим голын голидрол өөрчлөгдсөн, хилийн шугам болгон тогтоосон их зам бүдгэрч мэдэгдэхгүй болсон зэргийг хилийн гэрээ, протоколын заалттай нийцүүлэн тодотгон тэмдэглэсэн. Ялангуяа голидрол нь өөрчлөгдсөн, шинээр арал үүссэн Халх, Нөмрөг, Шарилжийн голын хэсэгт агаараас шинээр зураг авч 1:10000-ны масштабтай хилийн зурвасын газрын зураг хамтран үйлдсэн нь чухал ач холбогдолтой болсон. 

-        Их ой тайгатай газарт ойн зурвас гаргасан нь хоёр улсын хилийн шугамыг улам тодорхой болгож өгсөн.

-        Хилийн болон туслах чанарын бүх тэмдгийн тэгш өнцөгт координатыг хамтран тодорхойлсон нь цаашид хилийн зурвасын газрын зураг шинэчлэн үйлдэх, хилийн тэмдгийн байршилтыг шалгахад шинжлэх ухааны үндэслэлтэй баримт бичигтэй болсон. 

-        Энэ бүхний үндсэн дээр 1964 оны хилийн тухай Протоколын хавсралт 1:100000-ны масштабтай хилийн зурвасын газрын зургийг шинэчлэн үйлдсэн юм.

1982-1984 онд хилийн шугамыг анх удаа хамтран шалгасан нь хилийн шугамыг улам тодорхой болгож, цааш цаашдын хилийн шалгалтын ажилд чухал ач холбогдолтой болсныг хилийн шугамыг хоёр дахь удаа хамтран шалгасан 2001-2004 оны ажлын үйл явц харуулсан юм.

Хоёр орны харилцааны уур амьсгал тийм ч таатай бус байсан тэр үед хилийн шугамыг анх удаа шалган тодотгох нүсэр их ажлыг хамтран хэрэгжүүлсэн нь хоёр талын итгэлцлийг сэргээж, харилцааг хэвийн болгох үйл явцад нааштай томоохон алхам болсон билээ.

Хоёр жил гаруй хамтран ажилласан комиссын гишүүдийн хооронд найрсаг уур амьсгал, нөхөрсөг харилцаа бий болсныг тэмдэглэх хэрэгтэй. Мөн хил хамгаалах байгууллагуудын харилцаа ч сайжирсан билээ. 

           Д.Ёндон сайдын айлчлалын үеэр эдийн засгийн хамтын ажиллагааны зарим асуудлуудыг шийдвэрлэх, консулын конвенц байгуулах, соёлын хамтын ажиллагааг сэргээх, найрамдлын нийгэмлэгийн төлөөлөгчдийг айлчлуулах зэрэг асуудлуудыг манай талаас хөндөж тавьсныг хятадын тал нааштай хүлээж авсан юм. Энэ бүгд хожим нь жил гаруйхан хугацаанд бүгд хэрэгжсэн билээ. Энэ нь уг уулзалт хоёр орны харилцааг бүхий л салбарт сэргээхэд чухал ач холбогдолтой болсныг харуулсан юм.

Одоо дурсан санахад миний бие 1990-2008 оны хооронд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон Гадаад хэргийн сайд нарын түвшинд хийгдсэн бараг бүх харилцан айлчлалуудад биечлэн оролцож, айлчлалыг амжилттай болгох бэлтгэлийг хангаж хэрэгжүүлэх, зарим үед албан ёсны хэлмэрчийн үүргийг гүйцэтгэж өөрийн хувь нэмрээ оруулж ирсэн байна. 

Тэдгээрийн дотроос онцлог зарим айлчлалын тухай дурсан бичихийг хүсч байна.

Монгол, Хятадын олон жил тасалдсан харилцааг сэргээх хүсэл эрмэлзлэл хоёр талд их байсны тодорхой жишээ бол 1989 онд нэг жилийн дотор Гадаад хэргийн сайд Ц.Гомбосүрэн, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Цянь Цичэнь нар харилцан айлчилсан явдал юм. Эдгээр айлчлалын үеэр хоёр тал дээд хэмжээнд харилцан айлчлах асуудлыг хэлэлцэн тохирсон билээ. Албан ёсны уулзалт хэлэлцээний дараагаар Цянь Цичэнь сайд Эрдэнэт хотод зочилсон бөгөөд надад Хятадын хүндэт зочныг дагалдан явах завшаан тохиолдсон юм. Цянь Цичэнь сайд Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, малчин айлд зочилсан юм.

1990 оны 5 дугаар сард БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга П.Очирбат БНХАУ-д айлчилсан юм. Энэ бол Монгол Улсын Төрийн тэргүүн Хятадын “Соёлын хувьсгал”-аас хойш анх удаа Хятадад айлчилсан хэрэг байлаа. П.Очирбат дарга Хятад айлчлах үеэрээ Өвөр Монгол, Гуанжоу, Шэнжэньд айлчлахаар төлөвлөж байсан боловч Монголд ардчилсан хөдөлгөөн өрнөж, жагсаал цуглаан болж байсан болохоор Бээжин хотноо албан ёсны арга хэмжээгээ дуусгаж, Өвөр Монголд зочлоод буцаж ирсэн юм. 

П.Очирбат дарга Хятад Улсын дарга Ян Шанькүнь, ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Зянь Зэминь нартай уулзаж, Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Пэнтэй хэлэлцээ хийсэн. Айлчлалын төгсгөлд хамтарсан албан мэдээ гаргаж, зарим баримт бичигт гарын үсэг зурсан билээ. Айлчлалын үр дүнгээр гаргасан Монгол, Хятадын хамтарсан албан мэдээ бол манай хоёр орны харилцаа бүрэн хэвийн болсныг нотолсон баримт бичиг болсон.  

Айлчлалын албан ёсны уулзалт хэлэлцээнээс гадна манай төлөөлөгчид Өвөр Монголын Өөртөө Засах Оронд айлчилсан нь онцлог үйл явдал байлаа. П.Очирбат дарга ӨМӨЗО-д зочилсан анхны гадаад улсын төрийн тэргүүн байсан. ӨМӨЗО-ны Засгийн газрын дарга Бөхөө П.Очирбат даргатай уулзаж, байнга дагалдан явж байлаа. Бөхөө дарга бол монгол үндэстэн бөгөөд БНХАУ-ын дэд дарга байсан Улаанхүүгийн хүү билээ. Өвөрмонголчууд манай төлөөлөгчдийг маш халуун дотноор хүлээж авсан. Энэ бол Хятадын “Соёлын хувьсгал”-аас хойш ӨМӨЗО-д зочилсан манай улсын анхны албан ёсны төлөөлөгчид байсан юм. Нэг сонирхолтой зүйлийг дурдахад бид малчин айлд очихоор явах замд морьтой олон залуус манай цувааг даган давхилдаж баяр хүргэж байсан. Энэ нь бид нутагтаа байгаа мэт сэтгэгдлийг төрүүлж байсан билээ.

1991 онд БНХАУ-ын дарга Ян Шанькунь манай улсад хариу айлчлал хийсэн юм. Энэ бол Монгол, Хятадын харилцааны түүхэнд БНХАУ-ын дарга анх удаа Монгол Улсад айлчилсан хэрэг байлаа. Албан ёсны уулзалт, хэлэлцээний дараагаар бэсрэг наадам зохион байгуулсан нь Ян Шанькунь даргад ихээхэн таалагдсан юм. Ер нь Хятадын удирдагчдад Монголын тал нутаг үнэхээр сайхан сэтгэгдэл төрүүлдэг гэж би боддог. Миний бие уг айлчлалын бэлтгэлийг хангахад оролцож байснаас гадна айлчлалын үеэр албан ёсны хэлмэрчээр ажилласан билээ.

БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Пингийн 1994 онд Монгол Улсад хийсэн айлчлалыг дурдахгүй өнгөрөх аргагүй юм. Энэхүү айлчлалын үеэр манай хоёр орны шинэ үеийн харилцааны үндсэн баримт бичиг болох “Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ”-нд гарын үсэг зурсан юм. Миний бие хэдийгээр айлчлалын Монголд болсон арга хэмжээнд оролцоогүй боловч Бээжинд суугаа ЭСЯ-ны зөвлөхийн хувьд Хятадын ГХЯ-ны нөхөдтэй хамтран айлчлалын бэлтгэлийг хангаж, ялангуяа гэрээний агуулга, үг үсгийг тохиролцох гол ажлыг хийсэн билээ.

Бас нэг сонирхолтой айлчлалын тухай дурсахад Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийг 1998 онд Хятад Улсад айлчлах үеэр хятадын талаас зохион байгуулсан албан ёсны хүлээн авалтын үеэр БНХАУ-ын дарга Зян Зэминь эхлээд дуу дуулж, дараа нь Ерөнхийлөгч Н.Багабандийн гэргийг урьж бүжиг хийсэн. Манай ерөнхийлөгч ч бас хариу дуу дуулсан. Гэхдээ манай тал албан ёсны хүлээн авалтын үеэр дуу дуулж, бүжиг хийнэ гэж огт бодоогүй байсан учраас бэлтгэлгүй байсан. Дараа жил нь 1999 оны 7 дугаар сард Зян Зэминь даргыг Монгол улсад  айлчлахад Зянь Зэминь дарга хүлээн авалтын дараа дуугаа дуулна, тэгэхээр манай тал ч гэсэн бэлтгэлтэй байх ёстой гэж бид ярилцаж байсан. Зянь Зэминь даргад зориулан зохион байгуулсан бэсрэг наадмын үдийн зоогийн  танхимаас дөнгөж гараад л Зянь Зэминь дарга Өвөрмонголын тал нутгийн тухай дуугаа дуулсан, дараа нь манай ерөнхийлөгч эхэлж бид бүгдээрээ “Элгэн халуун нутаг” –аа  дуулж билээ.

Н.Багабанди ерөнхийлөгч 2004 оны 7 дугаар сард хоёрдахь удаагаа БНХАУ-д айлчлах үеэр миний амьдралд бас нэгэн дурсгалтай үйл явдал тохиосон юм. Н.Багабанди ерөнхийлөгч айлчлалынхаа үеэр “Дяо Юйтай” хэмээх гадаадын төрийн тэргүүн нарыг байрлуулдаг харшид Хятадын Гадаад хэргийн сайд Тан Зясюньд “Алтан гадас” одон, Хятадын дипломат ажилтан Цай Вэньруй-д “Найрамдал” медаль гаруулсан билээ. Яг энэ ёслолын үеэр надад “Алтан гадас” одон бас гардуулсан юм. Хятадын төрийн ёслолын энэхүү нэр хүндтэй харшид өөрийн улсын ерөнхийлөгчөөс төрийн дээд шагнал хүлээж авсан хүн надаас өөр байхгүй л болов уу. 

БНХАУ-ын дарга Ху Жинтао 2003 онд албан тушаалдаа орсонтой холбогдуулан Бээжин хотод суугаа гадаадын ДТГ-ын тэргүүн нар биечлэн уулзаж баяр хүргэсэн билээ. Миний бие тэр үед БНХАУ-д Монгол Улсын хэргийг түр хамаарагчаар ажиллаж байсан бөгөөд Ху Жинтао даргатай биечлэн уулзаж баяр хүргэх завшаан тохиолдсон юм. Ху Жинтао дарга бол Хятадын удирдагч Мао Цэдун, Дэн Сяопин, Зянь Зэминь нарын дараах дөрөвдэх үеийн гол удирдагч байсан юм. Ху Жинтао дарга 2003 онд Монгол Улсад айлчилсан билээ. БНХАУ-ын дарга Ху Жинтао Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэр гаргасан Хамтарсан мэдэгдэлд хоёр орны харилцааг сайн хөршийн харилцан итгэсэн түншлэлийн харилцаа хэмээн  тодорхойлсон юм.

 

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2008 онд дэд даргын хувиар манай оронд айлчлахад миний бие ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирлын хувьд айлчлалын бэлтгэлийг хангаж, айлчлалын бүх арга хэмжээнд оролцсон юм. Түүний дотор Ши Жиньпин даргад зориулан зохион байгуулсан бэсрэг наадам хүндэт зочинд их таалагдсаныг тэмдэглэхийг хүсч байна. Тэр үед Ши Жиньпин дарга Хятадын дараагийн гол удирдагч болно гэсэн яриа байсан нь хожим батлагдсан юм. Энэ удаагийн айлчлал Ши даргад Монгол Улсын тухай нааштай ойлголт, сэтгэгдэл төрүүлсэн гэж би боддог. Тэрээр БНХАУ-ын дарга болсныхоо дараа 2014 оны 8 дугаар сард манай улсад дахин айлчилсан билээ.

БНХАУ-ын дээд хэмжээний дарга нар Монгол Улсад айлчлах бүрдээ 20-50 сая юаний буцалтгүй тусламж үзүүлж ирсэн нь эдийн засгийн бэрхшээл хүндрэлтэй байсан манай улсад том тус дэм болсон нь гарцаагүй.  Харин манай тал тэдгээр тусламжийг сайн ашиглаж чадаагүй юм. Гол нь манай төр, засгийн газар ойр ойрхон солигдож, удирдлага өөрчлөгдөх бүрд манай талаас зээл, тусламжийг ашиглахаар урьд нь тохиролцсон төслөө байн байн сольж байсантай холбоотой байлаа. Нэг төслийг ярьж ярьж арай хийж тохирч байтал түүнийг өөрчлөөд шинэ төсөл гаргаж ирдэг байсан нь хятадын талаас өгсөн буцалтгүй тусламж, зээлийг цаг хугацаанд нь авч хэрэгжүүлэхэд саад болж байлаа.  Зөвхөн нэг жишээ дурдахад БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад 2003-2007 онд нийт 345 сая юаний буцалтгүй тусламжийг үзүүлэхээр амласан байлаа. Гэтэл 2006 оны 10 дугаар сарын 29-ний байдлаар нийтдээ 115,35 сая юаний тусламжийг л дөнгөж ашиглаад байсан бөгөөд ашиглаагүй байгаа 229,65 сая юаний буцалтгүй тусламжийг янз бүрийн чиглэлээр ашиглахаар ярьсаар байсан юм.

Миний бие Бээжинд суугаа ЭСЯ-нд 14 жил ажиллах хугацаандаа албан ёсны арга хэмжээнээс гадна бусад салбар чиглэлийн харилцааг хөгжүүлэхэд гар бие оролцож ирсэн. Хоёр орны харилцааг хэвийн болгох анхны үйл ажиллагаанд хэрхэн оролцож байсан тухай дээр дурдсан билээ.

Миний хувьд Хятадын бараг бүх мужууд, томоохон хотуудад зочлох завшаан тохиолдсон. Хятадын албаны хүмүүс надаас та манай ямар мужуудад очсон вэ гэж асуудаг юм. Харин би тэдэнд Хятадын ямар мужуудад очоогүй вэ гэж асуувал дээр гэж хариулдаг. Санаанаас гарахгүй олон аялал байгаагаас би зөвхөн зарим нэгийг онцлон дурсахыг хүсч байна. 

Миний бие 1984 оны 9 дүгээр сард Элчин сайд П.Шагдарсүрэнг дагалдан Өвөр Монголын Өөртөө Засах Оронд зочлох боломж гарсан юм. Энэ бол Монгол Улсын элчин сайд “Соёлын хувьсгал”-аас хойш бас л анх удаа ӨМӨЗО-д зочилсон хэрэг байлаа. Тэр үед Хятадын олон хот гадаадынханд хаалттай байлаа. Иймээс биднийг гадаадынханд нээлттэй Хөх хот, Бугат хот, Шилийн гол аймагт зочлохыг зөвшөөрсөн юм. Бидэнтэй уулзсан Өвөр Монголын удирдлагууд  бүгд л Монгол Улстай харилцаагаа сэргээх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан.

Зөвхөн албаныхан төдийгүй энгийн ард иргэд харилцаа сайжрахыг хүсэн хүлээж байсан. Биднийг Шилийн хотын зочид буудалд хоноглох үед хүлээн авалтын дараа манай өрөөний хаалгыг нэг хүн цохисон нь нэгэн өвөр монгол залуу байлаа. Тэрээр бид хэсэг хүмүүс эсрэг талын өрөөнд байрлаж байгаа бөгөөд элчин сайд та хоёрыг манай өрөөгөөр зочлохыг урьж байна гэв. Би элчин сайдад илтгэхэд, “Би очоод яахав, чи ороод ир” гэсэн учраас би нөгөө залууг дагаж өрөөнд нь орсон юм. Тэнд үнэхээр 4-5 хүн цуглаж, ширээ засан бэлтгэсэн байсан бөгөөд манай орны хөгжил байдлын талаар ихээхэн сонирхож, хэзээ харилцаа сайжирч Хатан туулынхаа уснаас уух бол доо гэж ярьж байж билээ. Мөн Өвөрмонгол ардын нэгэн дууг дахин дахин дуулж байсан нь миний чихэнд хоногшин үлдсэн юм. Хожим миний бие тэр дууг “Хун цагаан галуу” гэдэг нэртэй гэдгийг мэдсэн юм. Тэр дуунд:

Хун юу цагаан галуу шувуухай

Хулстай нуурандаа шумбан сууна хөө

Холын зочид хүрээд ирлээ дээ

Хонуут өнжүүд найрлан сууя даа хөө..... гэж дуулдаг үнэхээр үг, ая нь гайхалтай зохицсон сайхан дуу.

Бид албан ёсны уулзалтуудаас гадна түүхийн музей, сүм хийд, үйлдвэр, сургууль, соёлын газар, малчин айлаар хүртэл орж танилцсан. ӨМӨЗО-д анх удаа очсон миний хувьд бүх юм л их сонин санагдаж байсан. Бид малчин айлд байсан салхины хүчээр цахилгаан эрчим хүч гаргадаг төхөөрөмжийг ихэд сонирхсон учраас биднийг үйлдвэр дээрээ аваачиж үзүүлээд зогсохгүй 2 ширхэг төхөөрөмж бэлэглэсэн юм.

Миний бие 1985 оны 2 дугаар сард Хөх хотод дахин очиж, тэр 2  төхөөрөмжийг албан ёсоор хүлээн авч, Монгол руу явуулах ажлыг зохион байгуулсан.  Намайг Хөх хотод очиход салхины төхөөрөмжөөс гадна нарны эрчим хүчээр цахилгаан гаргадаг бас нэг төхөөрөмжийг бэлэг болгон өгсөн юм. Хэрэв манайх тэдний төхөөрөмжийг нэлээд хэмжээгээр худалдан авбал засвар үйлчилгээний газар байгуулах, мэргэжлийн хүмүүсийг сургаж өгөх ажлыг хийхээ мэдэгдэж байсан. Хожим манай мэргэжилтнүүд хоёр орны ШУТ-ын хамтын ажиллагааны хэлэлцээрийн дагуу Хятадад очиж энэ чиглэлээр сургалтад хамрагдаж байсан билээ.

Би ЭСЯ–нд зөвлөхөөр ажиллаж байхдаа 1997 оны 4 дүгээр сарын 23–30–нд Ганьсу мужид судалгааны ажлаар очсон юм. Ганьсу муж нь Хятадын баруун бүсийн муж хотуудын дунд үйлдвэрлэл, газар тариалан өндөр хөгжсөн, Хятадын сансрын хөлөг хөөргөдөг нэг газар билээ. Газар нутаг, цаг агаарын хувьд манай улстай төстэй, бас монгол үндэстнүүд оршин суудаг, Монгол улстай багахан газраар хиллэдэг учраас харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх их сонирхолтой байсан. Миний хувьд мужийн удирдлагуудтай уулзаж хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжийн талаар санал солилцож, монгол судлалын нэг гол төв болох Баруун бүсийн үндэстний их сургуульд зочилж, багш оюутнуудтай уулзаж, монгол судлалын ажлын байдалтай танилцсан юм.

Бас нэг гол зорилго бол тэр үед хятадын талаас Мазуншань (Морины дэл уул гэсэн үг) боомтыг нээх асуудлыг байнга тавьж байсантай холбогдуулан түүний бодит байдлыг газар дээр нь үзэж танилцаад уг боомтыг дахин нээх боломжийн талаар санал боловсруулж төвд тавих үүрэгтэй байсан. Тус мужийн нутагт оршдог Мазуншань-Нарансэвстэйн боомт нь Монголын нутагт Их говийн дархан цаазат газраар дайрч явдаг учраас тус боомтоор зорчигчид нь Их говийн дархан цаазат газрын ан амьтан, булаг шандад ихээхэн хохирол учруулсан гэсэн үндэслэлээр нээгдээд хэдхэн сар ажилласан уг боомтыг манай талын санаачилгаар хаасан юм. Энэ нь Говь-Алтай, Ганьсу мужийг холбож байсан цорын ганц боомт бөгөөд уг нь эрт дээр үеэс манай улсын баруун талаар Хятад руу гардаг жингийн нэг гол зам байсан юм билээ.

Хятадын талаас уг боомтыг нээх гэж ихээхэн хүчин чармайлт тавьж байсан. Намайг очиход орон нутгийн удирдлага маш их анхаарал тавьж,  жип машин гаргаж үнэ төлбөргүй үйлчилсэн бөгөөд Жиуцюань хотод хүрэлцэн очиход Монгол үндэстний хошууны дарга өөрийн цоо шинэ тоёото жип машинаар хамт явж хил дээр байх  Мазуншань тосгонд очиж хилийн боомтын хятадын талын байдалтай газар дээр нь танилцуулсан юм. Үнэндээ хятадууд боомтыг ажиллуулахад шаардлагатай бүх л барилга байгууламжаа барьсан байсан. Тэд монголын талын боомтын барилга байгууламжийг тусламжаар барьж өгөх, Говь-Алтай аймгаас тус боомт хүртэл засмал зам тавьж, дархан цаазат газарт байгаа ховор ан амьтанд саад болгохгүйгээр бүх асуудлыг шийдэхэд туслах зэрэг олон санал тавьж байсан. Би ч ЭСЯ-ндаа буцаж ирээд төвд тодорхой санал тавьсан боловч манай тал өөрийн байр сууриа өөрчлөөгүй юм.  

Би говийн хүн, уг нутагт очиход яг нутагтаа очсон юм шиг санагдаж байсан. Жижигхэн толгодтой, тачирхан ургамалтай, ургамал нь хүртэл манай говийн ургамлууд. Жиуцюаньд говийн улаан гоёогоор яг коньяк шиг архи хийсэн байсан бөгөөд тэр нь даралт бууруулдаг юм байна билээ. Ганьсу мужийн төв Ланьжоу хот нь далайн түвшингээс 2000 гаруй метр өндөр учраас миний даралт өндөр байсан боловч говийн улаан гоёоны архинаас нэг хундага уусны дараа хэвийн болж байсан.

Монгол Улсаас БНХАУ–д суугаа ЭСЯ–ны элчин зөвлөх миний бие ЭСЯ-ны атташе С.Энхбаярын хамт 2003 оны 5 дугаар сарын 12–17–ны өдрүүдэд манай улстай хил залгаа БНХАУ–ын Шинжаан Уйгарын Өөртөө Засах Оронд томилолтоор ажилласан нь бас л олон шинэ зүйлийг нээсэн .

ШУӨЗО-ны Ардын Засгийн газрын гадаад хэрэг эрхлэх газрын удирдлагатай уулзаж тус мужийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн байдал, төлөвийн талаар мэдээлэл авч, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хэрхэн хөгжүүлэх талаар санал солилцсон.

ШУӨЗО манай улстай өргөн уудам нутгаар хиллэлдэг, энэ чиглэлээр манай талаас Даян, Булган, Бургастай гэсэн хилийн гурван боомт ажилладаг. Манай улсын баруун таван аймаг энэ ӨЗО-той өргөн харилцаатай. Иймээс тус ӨЗО нь манай улстай харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх сонирхол, боломж ихтэй.

ШУӨЗО–д нийтдээ 150 гаруй мянган монгол үндэстэн оршин суудаг бөгөөд тэд гол нь Урумч хот болон Баянгол, Ховог сайр, Бор тал гэсэн гурван монгол үндэстний өөртөө засах тойрог, аймгуудад байдаг ажээ.

Энэ удаа Монгол үндэстний  өөртөө засах тойрогт зочилж, монголчуудын амьдрал ахуйтай танилцсан нь сонин байлаа. Бид монголчууд оршин суудаг засаг захиргааны нэгжийн нэг болох Баянголын монгол үндэстний тойрогт зочилж, тойргийн удирдлагуудтай уулзан нутгийн монголчуудын амьдрал байдалтай газар дээр нь танилцсан юм.

Энэхүү тойрог нь их өвөрмөц байршилтай. Тэнгэр уулын өвөрт, Такла-Маканы их цөлийн хойд хэсэгт байрладаг. Байгалийн баялаг ихтэй, ШУӨЗО-ны газрын тос болон байгалийн хийн гол үйлдвэрлэгч учраас эдийн засгийн хүчин чадал сайтай, мөн газар тариалан ч сайн хөгжүүлсэн, Францаас усан үзмийн сорт авчирч тариалж байсан. Засаг захиргааны төв нь Хорол хот. Тус тойрог нь нэг сая гаруй хүн амтай, түүний 40000 гаруй нь монголчууд бөгөөд тэд үндсэндээ 4 хошуунд амьдардаг ажээ. Тэд голдуу торгуудууд бөгөөд 300 гаруй жилийн өмнө Ижил мөрнөөс буцан ирж, Баянгол гэдэг газарт амьдрах болсон юм байна. Хэдийгээр манай улсаас алс хол (Тэнгэр уулыг давж байж хүрч очно) оршдог боловч харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх боломж ихтэй, хөрөнгө мөнгө сайтай тойрог юм. Бидэнтэй уулзсан уугуул монголчууд болон орон нутгийн удирдлагууд манай улстай харилцаа холбоо хөгжүүлэх их хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан. 

Хятадын цөөнхи үндэстний өөртөө засах районуудад очиход намын дарга нь голдуу хань (хятад) үндэстэн байдаг. Харин энэ тойрогт Намын дарга, Хурлын дарга, Засгийн газрын дарга нар нь бүгд монгол үндэстэн байсан нь онцлогтой байлаа. Энэ нь бас нарийн учиртай ажээ. Хүн амын олонхи нь хятад, уйгар үндэстнүүд учраас хятад дарга тавихаар уйгарууд дургүй, уйгар дарга тавихаар хятадууд дургүй учраас монгол үндэстний дарга тавьдаг гэж ярьж байсан. Тэгээд ч Баянгол нь монгол үндэсний өөртөө засах тойрог нэртэй учраас монгол дарга тавих нь бас зохимжтой.

Тус тойргийн захиргааны нарийн бичгийн дарга Пүрэв биднийг дагалдан малчин монголчууд оршин суудаг Дөрвөд хошуунд очихоор явахад хошууны хурлын дарга нь бас дагалдан явсан юм. Тэд биднийг их халуун дотно хүлээн авсан. Малчин айлууд, монгол үндэстний сургуулиар орж танилцсан. Монгол сургууль нь монгол хэл, бүр тод үсэг үзэж байсан. Орой нь бидэнд зориулан зоог барьсан нь бүр ч сонирхолтой байлаа. Яг л манай хөдөөний айлын найр маягтай юм болсон. Байсхийгээд л нэг хүн орж ирж нэмэгдсээр өрөө дүүрэн хүн болсон. Сургуулийн захирал, эвлэлийн үүрийн дарга, захиргааны ажилтан гээд л орж ирээд байсан. Оройжин дуу дуулж найрласан. Тэд өөрсдөө торгуудаар ярих бөгөөд бидний монголоор ярьсанг сайн ойлгож байсан. Тэд монгол заншил, хэл соёлоо харьцангуй сайн хадгалж үлдсэн байна. Тэд манай улстай харилцах, жинхэнэ уугуул нутгаа үзэх хүсэл эрмэлзэл их байгаа нь мэдрэгдэж байсан.

Энэ нутаг хэдийгээр өндөрлөг газарт байдаг боловч байгалийн маш их үзэсгэлэнтэй, өвс ургамал нь тэгширсэн маш сайхан хөндий бөгөөд малчин хүмүүст нэн тохиромжтой нутаг байсан.

Хятадын хөгжлийн нэг од болсон эдийн засгийн онцгой бүс болох Шэньжэнь хотод 1991 онд анх удаа очих боломж надад тохиосон юм. Түүнээс хойш албан ажлаар болон хувиараа олон удаа очсон бөгөөд очих болгонд өөрчлөгдсөөр одоо Хонгконгоос нэг их ялгагдахгүй болсон байна.

Шэньжэнь хот нь БНХАУ-ын Гуандун мужийн өмнөд хэсэгт, Сянганы засаг захиргааны онцгой бүстэй хил залган оршдог. Шэньжэнь хот нь 1979 оны 3 дугаар сард байгуулагдсан бөгөөд 1980 оны 8 дугаар сард Эдийн засгийн онцгой бүс болгон байгуулсанаа зарласан. Тус хот 2020 хавтгай дөрвөлжин км нутагтай, 10 гаруй сая хүн амтай. 2008 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Шэньжэнь хот ЮНЕСКО-гийн дэлхийн бүтээлч хотуудын сүлжээний "Зохион бүтээгч хот" –оор шалгарсан нь Хятадын хувьд анхных байлаа.

Жижигхэн загасчны тосгоноос ийм том хотыг богинохон хугацаанд байгуулна гэдэг бол бас нэг гайхамшиг. Амжилтын гол үндэс нь ухаалаг зөв бодлого, түүнийгээ тууштай хэрэгжүүлсэн явдал гэж боддог. Одоо олон хүмүүс Шэньжэньд амьдарч Хонгконгод ажилладаг гэж надад ярьж байсан, яагаад гэвэл Шэньжэньд Хонгконгийг бодвол амьдралын өртөг хамаагүй хямд бөгөөд Шэньжэнь-Хонгконгийн хооронд зорчиход тун хялбархан учраас өглөө Хонгконг руу ажилдаа яваад оройд Шэньжэньд гэртээ буцаж ирдэг байна. Миний бие ч гэсэн Шэньжэньд зочид буудалд байрлаад өдөр нь Хонгконг гарч ажил хөөцөлдөөд оройд нь буцаж ирсэн удаа олон бий. Үнэндээ хилээр явган гараад л Хонгконгийн метрод суугаад хотын төв ордог юм.

Хятад Улс Дэн Сяопиний дэвшүүлсэн Хятадын онцлогтой социализм байгуулах бодлогын хүрээнд Тайвань, Хонконг, Макао зэрэг өндөр хөгжилтэй газруудтай хил залгаа нутагт Сямэнь, Шэньжэнь, Жухай гэдэг эдийн засгийн онцгой бүсүүдийг байгуулж хөгжүүлэсэн нь амжилт олсон билээ. Эдгээр бүсүүдийн онцлог нь гадаадынхан болон гадаадын хөрөнгө оруулалтад нээлттэй, татварын нэн таатай хөнгөлөлттэй, харин Хятадын иргэд орж гарахад тусгай зөвшөөрөл шаарддаг,  хил, гаалийн тусгай зохицуулалттай байсанд оршино.

Хятадын томоохон хотуудаар явж байхад үсрэнгүй хөгжлийг хаа сайгүй харж болно. Би 80-90-ээд онд явж байсан Шанхай, Ханьжоу, Далянь, Хөх хот гэх мэт олон хотуудад 2000 оноос хойш дахин очиход танигдахын аргагүй өөрчлөгдсөн байлаа. Ингэж явахдаа эгэл жирийн иргэдээс төрийн янз бүрийн шатны удирдлагууд, бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаачидтай хүртэл уулзаж явсан, улс орны хөгжлийг дагаад хүмүүс ч их өөрчлөгдөж байгааг мэдэрсэн. 

Миний бие БОАО-гийн Азийн форумын (BOAO FORUM FOR ASIA) үндэсийг тавих үйл явцад оролцсондоо баяртай байдаг юм. Би ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал байхдаа БОАО-гийн форумыг байгуулах асуудлаар 2000 оны 11 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд болсон эрдэмтэн мэргэжилтнүүдийн анхны хуралдаанд Монгол улсыг төлөөлж оролцсон юм. Үүний үр дүн нь Монгол улс тус форумыг үүсгэн байгуулагч 26 орны нэг болсон билээ. Швейцарийн Давосын Эдийн засгийн чуулга уулзалтын Азийн хувилбар гэгддэг БОАО-гийн форум нь Азийн орнуудын улс төр, бизнес эрхлэгчид, эдийн засагчид, судлаач эрдэмтдийн төлөөлөгчид оролцдог, Азийн орнуудын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, бусад бүс нутагтай эдийн засгийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээг идэвхжүүлэх, эдийн засгийн төдийгүй нийгэм болон бусад асуудлаар албаныхан, бизнес эрхлэгчид, судлаач эрдэмтэд харилцан санал солилцох, холбоо харилцаагаа сайжруулах зорилготой чуулга уулзалт юм. Боаогийн уулзалтыг Boao Forum for Asia хэмээх ашгийн бус -Төрийн бус байгууллага 2001 оноос зохион байгуулж байгаа юм. Төв байр нь Хятадын Хайнань мужийн БОАО хэмээх газарт байрладаг. Дээд хэмжээний анхны уулзалт нь 2002 оны 4 дүгээр сард болсон бөгөөд манай улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат, Сангийн сайд асан Н.Баяртсайхан нар оролцсон юм. Боаогийн жил тутмын чуулга уулзалт нь одоо Ази тивийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцдэг чухал механизм болжээ. Одоо жил бүрийн чуулга уулзалтад нь манай улсаас ерөнхийлөгч, ерөнхий сайд, сайд нар оролцдог болоод байна.

Гадаадад суугаа Элчин сайдын яаманд ажиллах нь улс орноо төлөөлж байгаа учраас нэн хариуцлагатай ажил юм. Иймээс ОХУ, Франц, Англи зэрэг Европын өндөр хөгжилтэй, уламжлалт дипломат албатай,  дэлхий нийтийн бодлогыг тодорхойлоход оролцдог орнууд Элчин сайдын яамандаа зөвхөн мэргэжлийн дипломатуудыг ажиллуулдаг юм. Дипломат гэдэг нь нарийн мэргэжил, гадаадын түгээмэл хэл, яриа хэлэлцээний урлагийг сайн эзэмшсэн, олон улсын харилцаа, түүх, хуулийн тодорхой мэдлэгтэй, хэнтэй ч, ямар ч сэдвээр ярьж чаддаг хүмүүс байх ёстой. Сүүлийн жилүүдэд манай улсад энэхүү шалгуурыг үл тоомсорлон хэн дуртайгаа ЭСЯ-нд томилдог болсон нь харамсалтай. Ийм хүмүүс ЭСЯ-нд ажиллаж, хувийн эрх ашгийг дээгүүр тавьж, хэл аманд өртөж, олон нийтийн дунд дипломат албаны нэр хүндийг унагах явдал нэг биш удаа гарч байна. Гадаадад суугаа ЭСЯ-нд ажиллахад хариуцлагаас гадна амьдралын бэрхшээл ч багагүй байдаг. Ялангуяа дайн байлдаан, үймээн самуунтай оронд ажиллаж байгаа дипломатуудын хувьд  амь насанд нь ч халтай. Мөн халуун оронд ажиллахад монгол хүний хувьд тийм ч таатай бус байдаг.

Миний бие Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын Яаманд 3 удаа, тухайлбал 1981-1987 онд атташегаар, 1993-1997 онд зөвлөхөөр, 2001-2005 онд элчин зөвлөхөөр нийтдээ 14 жил ажилласан юм. Энэ хугацаанд миний бие янз бүрийн мэргэжлийн, янз бүрийн насны 6 элчин сайдтай хамтран ажиллаж, заримаас нь суралцаж, заримд нь зааж, зөвлөж, сургаж ирсэн билээ.

Бээжинд суугаа ЭСЯ байшин барилгынхаа хэмжээгээр ч, ажиллагсдын тоогоороо ч гадаадад суугаа манай ЭСЯ-даас Москвад суугаа ЭСЯ-ны дараа л орно. Бүгд нэг дор амьдарч, нэг байшинд ажилладаг болохоор олон хүний эв зүйг олж ажиллах явдал их чухал байдаг. ЭСЯ-ны хамт олон санаа сэтгэл нийлсэн эвсэг байвал ажил ч бүтэмжтэй, сэтгэл санаа ч өөдрөг ажиллахад урамтай байдаг.

1980-д онд тэнд ажиллаж байхад манай ЭСЯ-ны хамт олон зуны улиралд бараг л өдөр бүр гар бөмбөг тоглодог байж билээ. Тэр үед Бээжинд суугаа социалист орнуудын ЭСЯ-д хавар ялалтын баяраас эхлээд намар октябрын баяр хүртэл гар бөмбөгийн тэмцээн ээлжлэн зохион байгуулдаг байсан. Энэ нь бас нэг дипломат арга хэмжээ байсан учраас ЭСЯ-дууд их ач холбогдол өгдөг. Манай ЭСЯ-ны баг ч бас муугүй амжилт үзүүлдэг байсан, нэг удаа бүр 2 дугаар байр эзэлж байсан удаатай. Элчин сайдууд бас багынхаа бэлтгэлд их анхаарна. Элчин сайд Л.Чулуунбаатар гуай биднийг өглөө эрт босгож ажилд очихоос өмнө бэлтгэл хийлгэдэг, заримдаа өөрийн Чайка машиндаа суулгаад бусад ЭСЯ-нд очиж бэлтгэл хийлгэдэг байж билээ. Тэр хирээр ч манай баг амжилт гаргаж байсан. Бид зөвхөн социалист орнууд ч гэлтгүй бас Франц, Энэтхэг зэрэг өрнөдийн орны дипломатуудтай гар бөмбөг тоглодог байсан. Энэ нь нэг ёсны спортын дипломат юмдаа.  

Гадаадад суугаа дипломатууд ажлынхаа зэрэгцээгээр янз бүрийн клуб, нийгэмлэг байгуулж, мэдээлэл солилцож, хамтран ажилладаг. Бээжин хотноо 100 гаруй орны Элчин сайдын яам байдаг. Миний бие 80-90-ээд онд социалист орнуудын ЭСЯ-ны  элчин зөвлөхүүдийн клуб, эдийн засгийн клубд оролцдог байсан. Энэ бол янз бүрийн орны дипломатууд олсон мэдээллээ солилцож, зарим талаар бодлого, үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулдаг аятайхан хэлбэр байлаа. Харин социалист систем задарсны дараагаар 2001-2005 оны үед Америк, Япон, Франц, Англи, Өмнөд Солонгос, Орос зэрэг өрнө, дорнодын 10 гаруй орны дипломатууд оролцсон улс төрийн зөвлөхүүдийн клубын үйл ажиллагаанд тогтмол идэвхтэй оролцож хамтран ажиллаж байсан. Энэ нь дипломатуудын судалгаа мэдээллийн ажилд ихээхэн тустай байдаг юм.

Мөн энэ үед Бээжинд ажиллаж байсан Бангладешийн ЭСЯ-ны элчин Масуд Маннаны санаачилгаар “Beijing Deputy Chief of Mission’s group” (Бээжингийн ЭСЯ-дын дэд тэргүүн нарын бүлэг) нэртэй нийгэмлэг байгуулахад идэвхтэй оролцсон. Манай бүлэг Хятадын сайд дарга нар, эрдэмтэн судлаачдыг урьж мэдээлэл авах, Хятадын орон нутгаар хамтран аялах, сургууль цэцэрлэгт буяны хандив өгөх зэрэг олон төрлийн арга хэмжээ зохион байгуулдаг байсан. М.Манан маань маш их идэвхтэй хүн, ЭСЯ-нд идэвхи санаачилгатай ийм нэгэн байхад чухал ажил хийж болдогийн жишээ гэж бодож байна. Дипломатууд бол нүүдлийн шувуу адил 3-4 жил болоод явдаг, иймээс бидний дараагийн үе маань түүнийг үргэлжлүүлсэн эсэхийг мэдэхгүй байна.

Монголын хятад судлаачдын холбоо санаачлан байгуулав  

Хөрш улсууд бие биенээ сайн ойлгож мэдэх ёстой гэж би боддог. Үүнд хэвлэл мэдээлэл, сурталчлгаа чухал үүрэгтэй. Бие биенээ сайн мэдвэл харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх хүсэл эрмэлзэл, боломж улам нээгдэх юм.

 “Холын саднаас ойрын хөрш дээр” гэж хятадууд ярьдаг. Хятадын “Соёлын хувьсгалын” уршигаар манай хоёр орны харилцаа 20 гаруй жил тасалдсан, дээр нь үзэл суртлын дайсагнасан үйл ажиллагаа тасралтгүй явж ирсний улмаас Монгол, Хятадын ард түмэн бие биенээ зөв таньж мэдэх боломжгүй байсан билээ. Иймээс Хятадын бодит байдлыг Монголын ард түмэнд ойлгуулах ажлыг зохион байгуулах хэрэгтэй юм байна гэж үзээд миний бие 1989 онд Монголын хятад судлаачдын холбоог санаачлан байгуулж идэвхтэй үйл ажиллагаа явуулж байсан билээ.

Монголд анх удаа төрийн бус ийм байгууллага байгуулагдаж, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгааг манай эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд дэмжиж манай холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байсан юм.  Манай холбоо “Арга билэг” нэртэй сонин гаргаж, Хятадын тухай, Монгол, Хятадын харилцааны тухай сонирхолтой мэдээ, материал нийтэлж байсан нь тухай үедээ олон нийтийн анхаарлыг татаж байсан юм.

Манай холбоо 1990 оны 10 дугаар сард  “БНХАУ-ын шинэтгэл, нээлтэй бодлогын үр дүн, туршлага” сэдвээр олон улсын хятад судлаачдын  эрдэм шинжилгээний бага хурлыг Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулсан бөгөөд түүнд БНХАУ, ОХУ, Япон, Монгол зэрэг орны эрдэмтэд, судлаачид оролцсон нь манай орны хятад судлалын ажилд шинэ түлхэц өгсөн гэж боддог юм. Яг энэ үед Хятадын шинэчлэлийн бодлого дэлхий нийтийн анхаарлыг татаж байсан болохоор зөвхөн судлаачид төдийгүй улс төрийн хүрээнийхэн болон дипломатууд сонирхон оролцож байсан. Уг бага хуралд уригдан ирсэн гадаадын эрдэмтэн судлаачид олон сонирхолтой сэдвээр илтгэл тавьсан. Мөн манай эрдэм шинжилгээний байгууллагууд, нэртэй эрдэмтэд, хятад судлаачид ч идэвхтэй оролцож олон чухал сэдвээр илтгэл тавьсан билээ.

Мөн манай холбоо 1991 оны 8 дугаар сард “БНХАУ ба Ази, Номхон далайн бүс нутаг” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хоёрдахь бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан юм. Манай холбооноос зохиосон олон улсын эрдэм шинжилгээний анхны бага хурал олон орны хятад судлаачдын анхаарлыг татаж, дэмжлэг хүлээсний тодорхой илрэл бол хоёрдахь уулзалтад оролцогчдын хүрээ, тоо улам өргөжсөн явдал юм. Энэ удаагийн олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд  өмнөх хуралд оролцсон БНХАУ, ОХУ, Япон, Монголоос гадна АНУ, Англи, Францын эрдэмтэд судлаачид оролцож, олон чухал, сонирхолтой илтгэлүүд тавьсан билээ. Энэ хурлын онцлог нь өрнөдийн орны судлаачид, эрдэмтэд хятад судлалын асуудлаар анх удаа Улаанбаатар хотноо чуулсан явдал байлаа.

Манай холбоо хоёрхон жилийн хугацаанд олон орны хятад судлалын төв, нийгэмлэг, эрдэмтэд судлаачидтай холбоо тогтоогоод байсан билээ. Үүний зэрэгцээ Хятадын уламжлалт Ушү (гар зодооны урлаг), Цигүний ( амьсгалын хүч гэсэн үг) тоглолтыг Монгол Улсад анх удаа зохион байгуулж, хоёр талын бизнес эрхлэгчдийг уулзуулах ажлыг санаачлан хийж байлаа.  Харамсалтай нь намайг гадаадад ЭСЯ-нд ажиллахаар явсан хойно манай залгамжлагчид дээрхи сайхан эхлэлүүдийг үргэлжлүүлж чадаагүй юмаа.

Энэ удаа миний бие Монгол, Хятадын харилцаанд оролцсон олон талт үйл ажиллагааныхаа зөвхөн зарим онцлог хэсгийг дурсан бичлээ. Гэвч энд дурдсан зүйлүүд миний Монгол, Хятадын харилцаанд оролцсон оролцоог ямар нэг хэмжээгээр харуулна гэж найдаж байна. Энэ нь Монгол, Хятадын харилцаа миний амьдралтай салшгүй холбоотой явж ирсний илрэл юм.

Comments