как привлечь трафик на сайт

ГХЯ-ны газар, хэлтсүүдэд ажилласан үеийн дурсамж ( Дурсамж номын үргэлжлэл №5 )


 

ГХЯ-ны газар, хэлтсүүдэд ажилласан  үеийн дурсамж

          Миний бие ГХЯ-ны янз бүрийн газар, хэлтсүүдэд дэд атташегаас газрын захирал хүртэл ажиллаж байсан. 2000 онд ГХЯ-нд өөрчлөн зохион байгуулалт хийсний дараа миний бие шинээр байгуулагдсан Хөрш орнуудын газрын захирлаар томилогдон ажилласан юм. Хөрш орнуудын газар ОХУ, Хятад, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байгаад шинээр тусгаар тогтносон Тусгаар Улсын Хамтын Нийгэмлэгийн орнуудын харилцааг хариуцан ажиллаж байсан.

          Манай гадаад бодлогын шинэ үзэл баримтлалд Орос, Хятадтай харилцах асуудлыг манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болгон баталсан бөгөөд харилцаа ч үнэхээр их өргөн байсан. 

   2000 онд Хөрш орнуудын газрын захирал байх үед хийсэн хамгийн том ажил бол ОХУ-ын Ерөнхийлагч В.Путины айлчлал байлаа. 1974 оноос хойш хуучин ЗХУ болон ОХУ-аас төр, засгийн тэргүүний  айлчлал хийгдээгүй байсан. Ерөнхийлөгч В.В.Путин 2000 оны 11 дүгээр сарын 13-14-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж, энэ үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны чиглэл, зорилтыг тодорхойлсон “Улаанбаатарын Тунхаглал”-д гарын үсэг зурсан юм.

Энэхүү тунхаглалд “Монгол, Орос хоёр улс 1993 оны нэгдүгээр сарын 20-нд байгуулсан Монгол Улс, Оросын Холбооны Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Гэрээг тууштай сахин баримталж байгаагаа нотолж,  Монгол-Оросын хамтын ажиллагаа гараагаа эхэлж буй шинэ зуунд НҮБ-ын Дүрмийн заалтууд, олон улсын эрх зүй, шудрага ёсны хэм хэмжээний дагуу бүрэн эрхт байдал, эрх тэгш, харилцан ашигтай байх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх зарчимд тулгуурлан, олон арван жилийн туршид бүрэлдэн тогтсон эв найрамдал, сайн хөршийн харилцааны уламжлалын үндсэн дээр янз бүрийн салбарт урагшлан хөгжих ёстой гэдэгт санал нэгтэй байгаагаа илэрхийлсэн”  нь 90-ээд оны эхнээс “хүйтрээд” байсан хоёр орны харилцааг хэвийн болгосон чухал ач холбогдолтой үйл явдал байлаа.  

Энэхүү айлчлалын үеэр Монгол, Оросын төрийн тэргүүнүүд хоёр талын харилцааны өргөн хүрээтэй асуудал, мөн  харилцан сонирхсон олон улсын асуудлаар нухацтай санал солилцож,  яриа хэлэлцээ хийсэн нь хоёр орны уламжлалт найрсаг харилцааг хөгжүүлэхэд шинэ үе шатыг нээсэн юм.

В.В.Путин ерөнхийлөгч айлчлалынхаа үеэр Монгол Улсын УИХ-д үг хэлсэн билээ. Тэр үгийг нь авч орчуулах шаардлагатай байсан боловч оросын тал үгээ өгөхгүй байж байж Их Тэнгэрт болсон Н.Багабанди ерөнхийлөгчийн зоогийн дараагаар бараг 23 цаг болж байхад өгсөн юм. Бидний хэдэн нөхөд хамтран үүрийн 4 цаг хүртэл уг үгийг орчуулж, УИХ-ын гишүүдийн тоогоор хувилж, хуралдааны үеэр тарааж өгсөн билээ. Дараа нь УИХ-ын гишүүд В.В.Путин ерөнхийлөгч маш сайхан үг хэллээ гэж өндөр үнэлсэнд орчуулагчдын хувь нэмэр ч бас оролцсон байхаа.

1990-ээд оноос хойш манай хоёр орны дээд, өндөр хэмжээний айлчлал үндсэндээ нэг чиглэлийн урсгалтай байсан. Тухайлбал, 1991-2000 онуудад Монгол улсын ерөнхийлөгч 2 удаа, Монгол улсын Ерөнхий сайд  2 удаа, УИХ-ын дарга 2 удаа, Монгол Улсын гадаад харилцааны сайд 3 удаа тус тус ОХУ-д айлчлал хийжээ. Мөн  хугацаанд ОХУ-ын Төрийн Думын дарга, дэд дарга тус бүр  1 удаа, Гадаад хэргийн сайд 2 удаа Монгол Улсад тус тус айлчилсан байна.  

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийсэн төрийн айлчлал, энэ үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны чиглэл, зорилтыг тодорхойлсон “Улаанбаатарын Тунхаглал”-д гарын үсэг зурснаас хойш  Монгол Улс, ОХУ-ын харилцаа, хамтын ажиллагаа мэдэгдэхүйц идэвхижсэн гэж үздэг.

Улс төрийн айлчлалуудтай зэрэгцэн Засгийн газар хоорондын комиссын хуралдаан, бүс нутгийн комисс, хилийн усны комисс, худалдааг либералчлах хамтарсан ажлын хэсэг, тээвэр болон эрчим хүчний ажлын хэсэг, үл хөдлөх хөрөнгийн ажлын хэсэг зэрэг арав гаруй комисс, ажлын хэсгийн уулзалт, хуралдаанууд удаа дараалан болж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа сэргэж, харилцаанд оршиж байсан “их өрийн” асуудал шийдэгдэж, хамтарсан үйлдвэрүүдийн үр ашгийг дээшлүүлэх, үл хөдлөх хөрөнгийн асуудал, цэрэг, техникийн хамтын ажиллагаа, дамжин өнгөрөх тээвэр, иргэд харилцан зорчих нөхцлийг хөнгөвчлөх зэрэг олон асуудал шийдэгдсэн буюу шийдэгдэх үйл явц эхэлсэн юм.

Миний бие 2005-2009 онд тус газрын даргаар дахин томилогдож ажиллах үеэр Монгол, Оросын харилцаа маш идэвхтэй хөгжиж байсан. Зөвхөн нэг жишээ дурдахад 2009 онд ОХУ-ын Төрийн гурван өндөрлөг Монгол Улсад айлчилсан юм. Энэ бол Орос, Монголын харилцааны түүхэнд байгаагүй үйл явдал билээ. 2009 оны 5 дугаар сард ОХУ-ын Засгийн газрын дарга асан В.В.Путин, 7 дугаар сард Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга С.М.Миронов, 8 дугаар сард Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч асан Д.А.Медведев манай оронд айлчилсан юм. Миний бие хэдийгээр БНКазахстан Улсад суух элчин сайдаар томилогдоод байсан ч дээд удирдлагаас энэ гурван айлчлалыг хийлгээд яв гэсэн үүрэг өгсөн учраас гурван айлчлалын бэлтгэлийг хангаж, айлчлалуудыг амжилттай хэрэгжүүлээд алсын замд мордсон билээ.

Бас нэг онцлон тэмдэглэх айлчлал бол Монгол Улсын Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаярын 2006 оны 12 дугаар сарын 4-9-ний өдрүүдэд ОХУ-д хийсэн албан ёсны айлчлал юм. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай ганцаарчилсан уулзалт,  албан ёсны хэлэлцээ хийж, ОХУ-ын Холбооны Зөвлөлийн Холбооны Хурлын дарга С.М.Миронов, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Б.В.Грызлов, ОХУ-ын Засгийн газрын дарга М.Е.Фрадков, Москва хотын дарга Ю.М.Лужков нартай уулзаж, 2000 оны “Улаанбаатарын тунхаглал”-ыг байгуулсанаас хойшхи үеийн хоёр талын харилцааны хөгжлийг дүгнэж, Монгол, Оросын харилцааг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэх асуудлыг хэлэлцэж, олон улсын болон бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцсон билээ.  

Айлчлалын үеэр Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай 1993 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн Монгол Улс, Оросын Холбооны Улсын хоорондын Гэрээг удирдлага болгон цаашид хоёр орны олон талын хэлхээ холбоог улам өндөр, чанарын шинэ түвшинд гаргах зорилготой стратегийн түншлэлийн харилцааны үзэл санааны дагуу хоёр талын хамтын ажиллагааны цар хүрээг тууштай өргөжүүлэн зузаатгаж, агуулгын хувьд баяжуулан,  үр ашгийг нь дээшлүүлэхээр дээд хэмжээнд тохиролцон Москвагийн тунхаглалд Ерөнхийлөгч нар гарын үсэг зурсан нь хоёр орны харилцаанд чухал ач холбогдолтой үйл явдал болсон юм.  

Энэ удаагийн айлчлалын онцлог нь Монгол Улсын Ерөнхийлөгч ОХУ-ын монгол үндэстний БНБуриад Улс, БНХалимаг Улсад зочилсон явдал байлаа. Эдгээр улсуудад манай төлөөлөгчдийг их халуун дотно хүлээж авсан. Ялангуяа Халимаг Улсад Монгол Улсын Ерөнхийлөгч анх удаа айлчилсан онцгой үйл явдал байлаа. Халимагийн нийслэл Элстэй хотод болсон концертын нээлт дээр Халимагийн тухайн үеийн ерөнхийлөгч Кирсан Николаевич Илюмжинов хэлсэн үгэндээ “ үсэрсэн цус, тасарсан мах” болсон ах дүүс 400 жилийн дараа манай нутагт зочлон ирлээ” гэж онцлон тэмдэглэсэн нь гайхалтай байлаа. Мөн манай төлөөлөгчдийг онгоцны буудлаас зочид буудал хүрэх зам дагуу гудамжаар туг лоозун барьсан хүмүүс эгнэн жагсаж хүлээж авсан нь социализмын үеийн өндөр хэмжээний төлөөлөгчдийн айлчлалыг санагдуулж байлаа. Үүний зэрэгцээ манай албан ёсны төлөөлөгч бүрд нэг сайд буюу орлогч сайдыг хуваарлин өгч айлчлалын хугацаанд хамт явсаныг онцгой анхаарал тавьсан гэж үзэхээс өөр аргагүй. Буриад Улсад ч гэсэн манай төлөөлөгчдийг гүн хүндэтгэлтэйгээр халуун дотно хүлээж авсан юм.

Энэ хугацаанд миний хариуцсан чиглэлээр маш олон чухал үйл явдал болсон. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр ОХУ, БНХАУ, БНКазУ-д, БНКазакстан Улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев 2008 онд, БНТажикстан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон 2009 онд, БНХАУ-ын дэд дарга Ши Жиньпин 2008 онд Монгол Улсад тус тус айлчилсан бөгөөд үүний зэрэгцээ Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд нарын харилцан айлчлалууд, ОХУ, Хятад, Казахстан улсуудтай ЗГХК-ын хуралдаанууд болсон юм. Эдгээр бүх арга хэмжээний бэлтгэл, зохион байгуулж хэрэгжүүлэх, үр дүнг нь засгийн газар, ҮАБЗ-д танилцуулах ажлуудын гол ачааг цөөхөн хүнтэй манай газар амжилттай үүрч гарсан юм.

Намайг Хөрш орнуудын газрын захирлаар ажиллаж байхад Монгол, Оросын ГХЯ-дын болон Монгол, Хятадын ГХЯ-дын газрын захирал нарын хоёр талын зөвлөлдөх уулзалтуудыг жил бүр ээлжлэн хийдэг байлаа. Энэхүү хоёр талын зөвлөлдөх уулзалтуудаар хоёр орны харилцааны тулгамдсан асуудлууд, тухайн жилийн арга хэмжээний талаар санал солилцож,   хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулдаг байсан. Үүнийг хамтын ажиллагааны үр дүнтэй хэлбэр гэж би боддог.

Монгол, Орос, Хятадын гурван талын уулзалт хийх асуудал нилээд эртнээс яригдаж байсан боловч манай тал түүнд их болгоомжтой хандаж байлаа. Би газрын захирал байхдаа энэ талаар нилээд судалгаа хийж, гадаадад суугаа ЭСЯ-дад үүрэг өгч бусад орны туршлагыг судлуулсан. Эдгээр судалгааны үндсэн дээр тодорхой санал боловсруулж ГХЯ-ны сайдын зөвлөлд хэд хэдэн удаа танилцуулсан юм. Сайдын зөвлөлийн гишүүд ч, зарим дээд удирдлага ч энэ асуудалд нааштай бус хандаж, бүр зарим нь 1915 оны Хиагтын хэлэлцээг санах хэрэгтэй гэж хүртэл эсэргүүцэж байсан. Харин 2000 оноос хойш орос, хятадын талууд гурван талын уулзалт хийхийг дэмжиж, манай талд санал тавих болсон.

Түүхээс нь үзвэл уг нь манай тал 1970-аад оны сүүлчээр анх санаачилга гаргаж байсан ч нөгөө хоёр талын дэмжлэг аваагүй юм билээ. Гэтэл нөгөө талууд дэмжээд ирсэн чинь манайх ухарч байсан. Гэвч эцсийн эцэст ГХЯ-ны газрын дарга нарын албан бус уулзалт нэртэйгээр хийхийг зөвшөөрсөн юм. Ингээд 2005 онд гурван талын ГХЯ-дын газрын дарга нарын албан бус уулзалт хийх зөвшөлцөлд хүрч эхний уулзалтыг Улаанбаатар хотноо хийсэн билээ. Монгол, Орос, Хятадын ГХЯ-ны улс төрийн газрын дарга нарын анхдугаар зөвлөлдөх уулзалт 2005 оны 7 дугаар сарын 6-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай болсон.

Энэхүү уулзалтаар шинэ нөхцөл байдалд хөрш зэргэлдээ оршдог гурван орны хоорондын харилцаа, хамтын ажиллагааг зохицуулахад гурван талын зөвлөлдөх уулзалт хийж байх нь ашигтай гэж үзээд гурван оронд ээлжлэн хийж байхаар тохиролцсон юм. Энэхүү зөвлөлдөх уулзалтыг цаашид жилд нэг удаа ээлжлэн зохион байгуулж байхаар тогтсоны дагуу ээлжит хоёрдахь уулзалтыг оросын тал 2006 оны 9 дүгээр сарын 4-5-ны өдрүүдэд ОХУ-ын Эрхүү хотноо зохион байгуулсан билээ. Гурван талын зөвлөлдөх уулзалтыг заавал нийслэл хотуудад биш, бүс нутгуудад зохион байгуулж болох юм гэсэн саналыг ОХУ-ын элчин сайд Б.А.Говорин гаргасан бөгөөд монгол, хятадын талууд дэмжсэн юм. Ингээд гуравдахь уулзалтыг хятадын тал 2007 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Чингисын онгоны жуулчны төвд, дөрөвдэх уулзалтыг манай тал 2008 онд эртний нийслэл Хар хоринд хийсэн билээ. Миний бие энэхүү дөрвөн уулзалтад биечлэн оролцсон юм. Түүнээс хойш энэхүү уулзалт албан ёсны болон үргэлжилсэн билээ.

Гурван орны улс төрийн харилцаа хамгийн өндөр түвшинд сайн байгаа нөхцөлд хамтын ажиллагааны нөөц боломжуудыг нээн илрүүлэх, хамтарч ажиллахад түлхэц үзүүлэх боломжийг энэхүү зөвлөлдөх уулзалтаар тавьсан гэж үзэж байна. Энэхүү уулзалтуудаар өнөөгийн даяаршил, бүс нутгийн интеграцчлалын нөхцөлд хөрш зэргэлдээ оршдог гурван улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх салбаруудын талаар голлон хэлэлцэж байлаа. Тухайлбал, аялал жуулчлалын нэгдсэн маршрут гаргах, худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын уулзалтыг зохион байгуулж,  хувийн компаниуд хоорондын харилцаа хөгжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд хувийн секторыг хамруулах, түлш, эрчим, хүчний ажлын хэсгийг байгуулах, дамжин өнгөрөх тээврийн нэгдсэн коридор байгуулах, хил орчмын бүс нутгийн байгаль орчныг хамгаалах, дархан цаазат газар байгуулах, зүй зохистой ашиглах асуудлаар гурван талын холбогдох байгууллагуудын уулзалт зохион байгуулах, байгалийн гамшиг болон хүн, малын гоц халдварт өвчинтэй хамтран тэмцэх салбарт гурван талын холбогдох байгууллагууд хамтран ажиллахад ГХЯ-дын зүгээс дэмжлэг үзүүлж холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүд оролцсон хамтарсан семинар, туршлага солилцох арга хэмжээ зохион байгуулах  зэрэг олон асуудлыг хэлэлцэж тохиролцсон нь хожим нь үндсэндээ хэрэгжсэн юм. Харин олон улсын харилцааны асуудлыг ер нь хэлэлцэж байгаагүй. Энэ нь олон улсын эмзэг асуудлаар хоёр том гүрний шахаанд орох бий гэсэн манай талын болгоомжлолтой холбоотой байсан юм.

Гурван улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь юуны өмнө гурван улсын язгуур ашиг сонирхолд нийцэхийн зэрэгцээ бүс нутгийн хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой гэж талууд үзэж байлаа. Миний бие энэхүү гурван талын зөвлөлдөх уулзалтад эхнээс нь оролцсон бөгөөд энэхүү үйл явцыг төлөвшин албан ёсны зөвлөлдөх уулзалт болоход өөрийн хувь нэмрийг оруулсан гэж боддог юм. Одоо гурван талын Гадаад хэргийн дэд сайдын түвшинд албан ёсны уулзалт хийдэг болсон бөгөөд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээнй уулзалтын үеэр бүр ерөнхийлөгч нарын түвшинд гурван талын уулзалт хийдэг болсон нь бидний үндэс суурийг нь тавьсан уулзалт өндөр түвшинд хөгжиж байгаагийн илрэл гэж бодож байна.

Comments