Миний бие 1978 онд Москвагийн Олон Улсын Харилцааны Дээд Сургуулийг төгсөөд ГХЯ-нд ажиллаж эхэлсэн. 1978 оны 7 дугаар сараас ГХЯ-ны Гуравдугаар хэлтэс (Азийн орнуудтай харилцах асуудал хариуцсан)-т дэд атташегаар томилогдон ажилласан. Миний бие тус хэлтэст Хятадын асуудлыг хариуцан ахмад дипломат Ө.Гүрсэдийн хамт ажилласан. Ө.Гүрсэд гуай олон жил Монгол, Хятадын харилцааны асуудлыг хариуцан ажилласан, тухайн үедээ Хятадын чиглэлээр мэргэжсэн гол хүний нэг гэж үздэг байсан.
Тэр үед дэд атташе гэдэг албан тушаал байсан, одоо байхгүй болсон. Шинэхэн дипломат миний хувьд маш өндөр шаардлагатай сайд, дарга нар болон ахмад дипломатуудаасаа их зүйл сурч мэдсэн. Тэр үед шаардлага өндөр байсны зөвхөн нэг жишээ гэхэд уулзалтын тэмдэглэлийг 24 цагийн дотор гаргаж өгөх ёстой байсан. Уулзалтын тэмдэглэлээ цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй бол зэмлэл хүртэнэ.
Тэр үед ГХЯ бараг бүх баримт бичгээ орос хэлээр бэлтгэдэг байлаа. Яагаад гэвэл Ю.Цэдэнбал дарга баримт бичгүүдийг орос хэлээр үзэж танилцдаг байсан юм. Иймээс хүссэн ч хүсээгүй ч орос хэлээр баримт бичиг боловсруулж сурах, орос хэлээ сайжруулах асуудал тэргүүн зэрэгт тавигдаж байсан.
Монгол, Хятад хоёр улс мөнхийн хөршүүд билээ. Хоёр орны харилцааны туулсан түүхэн зам дардан биш, сайн ч үе, саарч үе аль аль нь байсан. Хятадын “Соёлын хувьсгалын” үеэс эрс муудсан хоёр орны харилцаа өнгөрсөн зууны 80-аад оноос дахин сэргэж эхэлсэн юм. Энэ нь хоёр орны сайн хөршийн найрсаг харилцааг хөгжүүлэх үйлст биечлэн оролцох боломжийг надад олгосон гэж боддог.
Миний бие 1978 онд Москвагийн ОУХДС-ийг төгсөөд ГХЯ-нд ажиллаж эхэлсэн үе маань Монгол, Хятадын харилцаа хэвийн болох үйл явц эхлэх үетэй давхцсан юм.
ГХЯ-ны Азийн газарт ажиллаад тун удаагүй байтал БНХАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар Мэн Ин гэдэг эрхэм томилогдон ирж, АИХТ-ийн дарга Ю.Цэдэнбалд итгэмжлэх жуух бичгээ барьсан билээ. Миний бие ахмад дипломат Ө.Гүрсэдийн хамт итгэмжлэх жуух бичиг барих ёслолд оролцож, уулзалтын тэмдэглэл хийсэн нь өндөр дээд хэмжээний уулзалтад анх удаа оролцож, дипломат албаны үйл ажиллагааны эхлэлээ тавьсан дурсгалтай мөч байлаа. Түүнээс хойш Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-нд 3 удаа томилогдон 14 жил ажилласны зэрэгцээ ГХЯ-нд Хөрш орнуудын газрын захирлаар хоёр удаа томилогдон нийтдээ ЭСЯ болон ГХЯ-нд 30 гаруй жил Монгол, Хятадын харилцааны асуудлыг хариуцан ажиллаж, хоёр орны харилцааны олон чухал үйл явдлын бодит гэрч болсон юм. Надтай нэгэн үед Монгол, Хятадын харилцааг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байсан хятадын дипломатуудыг манай улсын төр засгаас наад зах нь “Найрамдал” медаль, цаад зах нь “Алтан гадас” одонгоор шагнасан юм.
Дипломат албанд орсноос хойш 1980 онд анх удаа ГХЯ-ны дэд сайд С.Дамбадаржааг дагалдан ЗХУ, БНАГУ-д айлчилсан нь албан ёсны айлчлал гэж юу байдгийг надад ойлгуулсан юм.
Биднийг Москвад хүрэлцэн очиход ЗХУ-ын ГХЯ-ны дэд сайд Капица Михаил Степанович албан ёсоор хүлээн авч уулзаж, Хятадын талаар ямар бодлого баримтлахыг заан зөвлөж, ЗХУ-ын ГХЯ-ны сайдын зөвлөлийн хурал хийдэг танхимд оруулж өөрийн суудаг байрыг зааж үзүүлж байсан. ЗХУ-ын ГХЯ-ны сайдын зөвлөлийн хуралдааны танхим нь тэр үед надад үнэхээр гайхалтай сэтгэгдэл төрүүлж байсан. Дараа нь Капица М.С. биднийг ГХЯ-ны харьяа “Мышерин” гэдэг амралтын газарт аваачиж, орос саунд оруулж оройн зоог барьсан юм. Капица М.С. бол тэр үед Хятадын асуудлыг хариуцдаг Зөвлөлтийн гол мэргэжилтэнд тооцогддог байлаа. Бид ОУХДС-д суралцаж байхдаа түүний бичсэн Хятадын тухай “Гурван 10 жил, гурван бодлого” гэдэг номыг бараг сурах бичиг шиг судалдаг байлаа. Зөвлөлт, Хятадын харилцаа сайжирвал би энэ номоо шатаана гэж ярьсан тухай тэр үеийн оросын дипломатууд надад ярьж байсан, бодвол харилцаа сайжирсан юм чинь түүнийгээ шатаасан биздээ. Үнэндээ ч тэр номыг одоо үзвэл ёстой ийм харилцаатай байсан юмуу гэж бодох биз. Гэхдээ түүх бол түүх шүүдээ. Тэр үеийн Монгол, Хятадын харилцаа ямар байсныг одоогийн залуучууд ч огт төсөөлөхгүй байгаа.
Дараа нь бид БНАГУ-д айлчилсан нь сонирхолтой байлаа. Ардчилсан Герман Улс тэр үедээ социалист орнуудынхаа дотор хөгжилтэй орных нь нэг байлаа. Биднийг Германы Намын Төв Хорооны тусгай байранд буулгасан бөгөөд тэр нь тухайн үеийн баруун Берлинтэй ойр байсан юм байлгүй би лав шөнө дөл болтол баруун Берлиний телевиз үзэж байсан. Үнэндээ тэр үе хүртэл би хөрөнгөтөн орны телевиз үзэж байгаагүй болохоор их сонирхолтой байсан. Германий албаны хүмүүс бидэнд Берлиний хананы музейг үзүүлж, ханыг хэрхэн барьсан, яаж хамгаалдаг, ямар зөрчил гардгийг тодорхой танилцуулж, дурангаар баруун Берлинийг харуулж байсан. Берлингийн хана гэдэг нь Баруун Берлин, Зүүн Берлин хоёрыг тусгаарласан, тухайн үедээ социализм, капитализм хоёрыг тусгаарлаж байсан 45 км урт, 3.6 метр өндөр бетон хана бөгөөд түүнийг 1961 оны 9 дүгээр сард 10-хан хоногийн дотор барьсан гэж түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Баруун, Зүүн хоёр Герман нэгдсэнээр түүнийг 1990 оны нэгдүгээр сард албан ёсоор нураасан юм. Одоо бодоход миний бие Берлиний хана гэж юу байсанг үзсэн бас л нэг түүхийн гэрч юмдаа. Одоогийн олонхи немцүүд Берлингийн хана гэж юу байсныг мэдэхгүй шүүдээ.
Бас нэг сонин дурсамж гэвэл герман хүн үнэгүй юманд нугасгүй гэдэг нь тэр үед харагдаж байсан. Би өрөөний хөргөгчинд байсан бүх ундааны зүйлийг онгойлгоод үлдээхэд өдөр ирэхэд бүгдийг нь шинээр тавьдаг байсан. Өглөөний цайны үеэр гэхэд л цагаан архи, коньяк, вино онгойлгоод орхидог, би уухгүй, дэд сайд маань настай хүн болохоор бас уухгүй, гэтэл түүний нууцыг би нэг орой санамсаргүй мэдсэн юм. Хоёр давхар хауст зөвхөн бид байсан болохоор орой хүмүүс шуугиад байхаар нь би гайхаад бууж харсан чинь биднийг дагалдаж яваа немцүүд маань бидний өглөө, өдрийн онгойлгосон зүйлээр маань найрлаж байдаг байгаа. Гэхдээ одоо өөр болсон байх шүү.
Тэр үед Хятад, социалист орнуудын харилцаа муу байсан болохоор ЗХУ тэргүүтэй социалист орнууд Хятадын талаар уялдуулан зохицуулсан бодлого, үйл ажиллагаа явуулдаг байлаа. Миний хувьд 1980 оны 10 дугаар сард Болгар улсад зохион байгуулсан тийм нэг хуралд оролцсон юм. Социалист орнууд “Интеркит” нэртэй энэхүү хурлыг ихэд нууцалдаг байсан болохоор зохион байгуулагч орон уг хурлыг нийслэлээс ихээхэн хол зайтай нэгэн тусгай амралтын газарт зохион байгуулж байсан. Энэ хуралд социалист орнуудын Намын Төв Хороо, ГХЯ-ны ажилтнууд голлон оролцдог байсан. Орон болгон Хятадтай харилцах талаар юу хийж байгаагаа илтгэж, цаашид хэрхэн ажиллахаа зөвлөлдөж, тусгай товхимол гаргаж түүнийгээ мөрдөж ажилладаг байсан. Миний хувьд хурлаар хэлэлцсэн асуудлаас илүүтэй олон улсын хуралд анх удаа оролцсон, Болгар улсад анх удаа очиж үзсэн нь дурсгалтай байлаа. Тэр үед надад энгийн нэгэн болгар айлд зочлох завшаан тохиосон бөгөөд тэр айл хашаандаа тарьсан нэг алимны модноос жилийн хэрэгцээгээ хангадаг гэж ярьж байсан нь миний санаанаас гардаггүй юм. Гэтэл бид 1-2 кг алим авах гэж хичнээн юм болдог байлаа. Түүнээс хойш би Болгар улсад дахиж очоогүй.
Үнэндээ 70-80-д онд Монгол, Хятадын харилцаанд ажиллахад хүнд байсан. Бүх юманд л ямар нэг хардлага төрдөг. Би Хятадын элчин сайдыг дагалдан Сэлэнгэ аймагт явах боломж тохиосон юм. Анх удаа хятад хүнтэй ойр дотно харилцаж үзсэн маань тэр. Элчин сайд Мэн Ин гэргийтэйгээ хамт явсан юм. Хөдөө замдаа буудаллаж, биднийг урьд нь үзэж байгаагүй хоол цайгаар дайлахад нь их л сэжиглэнгүй хүртэж байсан юм. Үнэндээ хятадын юм гэхээр л айдаг байлаа шүүдээ. Бидэнд тэгж л ойлгуулсан байсан юм. Гэтэл бид Хятадын элчин сайдтай хөдөө яваад дайсагнасан нэг ч юм олж хараагүй л юмдаа. Түүнээс хойш Мэн Ин гуайтай олон удаа уулзсан. Мэн Ин гуай олон жил Хятад, Монголын найрамдлын нийгэмлэгийн даргаар ажилласан. Тэрээр 90 гаруй настай байхдаа манай Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэгийн төлөөлөгчдийг Бээжин хотод хүлээн авч уулзаж байсан. Миний бие МХНН-ийн орлогч даргын хувьд төлөөлөгчдийг тэргүүлж очсон юм.
Монгол, Хятадын харилцаа хэвийн болоход олон хүчин зүйл нөлөөлсөн юм. Гэхдээ хамгийн гол зүйл нь ЗХУ, Хятадын харилцаа хэвийн болсон явдал. Бид чинь Зөвлөлт ахынхаа үгийг л дагаж байсан үе шүүдээ. Монгол, Хятадын харилцаа хэвийн болох үйл явцад олон хүний хүч хөдөлмөр шингэсэн, түүнийг хойч үеийн залуучууд мэдэхгүй байж магад, иймээс өөрийн биеэр оролцож ирсэн зарим зүйлийг дурсамж болгон бичиж байна.
Comments