Намайг элчин сайдаар томилох санал 2000 оны үеэс үе үе яригддаг
байлаа. Олонхи нь намайг Хятадад элчин сайд болох хүн гэж ярьдаг байсан. Монгол,
Хятадын харилцааны асуудлыг олон жил хариуцан ажилласан, хятадын асуудлыг сайн
мэдэх, мөн хятад хэлтэй хүний нэг нь би байсан болохоор тэр биз. Гэвч улс
төрийн нөхцөл байдал асуудлыг өөрөөр шийдсэн юм. Орос, Хятад зэрэг том орнуудад
улс төрийн намууд мэргэжлийн гэхээсээ илүү өөрсдийн хүнийг тавихыг чухалчилдаг
байлаа. Би аль ч намын гишүүн биш, тангараг өргөсөн төрийн албан хаагч байсан
юм. Иймээс Хятадад элчин сайдаар томилогдох асуудал үндсэндээ хаалттай байлаа. Харин
2009 онд Монгол Улсаас БНКазахстан Улсад суух элчин сайдаар томилох асуудал
УИХ-аар дэмжигдэж, Ерөнхийлөгчийн зарлигаар томилогдсон юм.
Миний бие 2009 оны 9 дүгээр сараас 2012 оны 10 дугаар
сарын хооронд Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суух Онц бөгөөд
Бүрэн эрхт элчин сайдаар ажилласан нь миний амьдралын бас нэг түүхэн дурсгалт
он жилүүд байлаа. Олон жил Азийн чиглэлээр, түүний дотор Хятадад ажилласан
надад Казахстан улсад ажиллах нь шинэ орчин, шинэ нөхцөл байдлыг бий болгосон.
Миний хувьд Казахстан Улс цоо шинэ, үл таних орон биш байсан билээ. ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирлаар ажиллаж байхдаа албан томилолтоор удаа дараа очиж, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал, БНКазахстан Улсын Ерөнхийлөгч Н.Назарбаевын Монгол Улсад хийсэн төрийн айлчлалыг зохион байгуулж, Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын хуралдаан, Гадаад хэргийн сайдын айлчлал зэрэг бүхий л үйл ажиллагаанд нь оролцож байсны хувьд хоёр орны харилцааны асуудлыг сайн мэдэж байсан нь тус улсад элчин сайдаар ажиллахад нэн таатай боломжийг олгосон юм.
Миний бие
2009 оны 10 дугаар сарын сүүлчээр Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана
хотноо анх удаа томилолтоор ажилласан. Тэнд байх хугацаандаа Ерөнхийлөгч
Н.А.Назарбаевт итгэмжлэх жуух бичиг барихтайгаа холбогдуулан ГХЯ-ны Дэд сайд
Нурлан Ермекбаев, Төрийн Ёслолын дэд дарга Мади Атамкилов нартай уулзаж, дэд
сайд Нурлан Ермекбаевт итгэмжлэх жуух бичгийнхээ хуулбарыг гардуулж, хоёр орны
харилцаа, цаашдын хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцсон
билээ.
Дэд сайд
Нурлан Ермекбаев бид хоёр Бээжинд хамт ажиллаж байсан сайн танилууд байлаа. Би
Бээжинд суугаа ЭСЯ-ндаа зөвлөхөөр, элчин зөвлөхөөр хоёр удаа ажиллах үед Нурлан
Ермекбаев Казахстаны ЭСЯ-нд Ш нарийн бичгийн даргаар, дараа нь зөвлөхөөр бас
ажиллаж байсан юм. Бид зөвлөхүүдийн клубын үйл ажиллагаанд хамт оролцож, чөлөөт
цагаараа гар бөмбөг тоглодог байсан. Намайг Казахстанд ажиллах хугацаанд Дэд
сайд Нурлан Ермекбаев миний дипломат ажилд их тус болж байсан билээ. Дараа нь
тэрээр Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх болсон ч гэсэн бид ойр дотно
харилцаатай байсан юм.
Миний бие БНКазакстан
Улсын Ерөнхийлөгч Н.А.Назарбаевт 2009 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Астана
хотноо Итгэмжлэх жуух бичгээ барьснаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан
Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын үүрэгт ажилдаа орсон билээ. Итгэмжлэх
жуух бичиг барих үеэр Ерөнхийлөгч Н.А.Назарбаев хоёр орны ард түмний хооронд
түүхэн хугацаанд тогтсон найрамдал, хамтын ажиллагааны уламжлалыг өндрөөр үнэлж
байдгийг дурдаад Монгол Улстай нөхөрсөг сайн харилцаагаа бэхжүүлэхийн төлөө
байгаагаа илэрхийлсэн.
Казахстан
Улсын Итгэмжлэх жуух бичиг барих ёслол энгийн боловч бас ёслол төгөлдөр болдог.
Бид 12 орны элчин сайд нар нэг өдөр Итгэмжлэх жуух бичиг барьсан бөгөөд гэргий,
нэг ахлах дипломат ёслолд оролцохыг зөвшөөрдөг. Гэргий Д.Буудай, зөвлөх Ц.Дашзэвэг
нар Итгэмжлэх жуух бичиг барихад хамт оролцсон юм. Ерөнхийлөгч Н.Назарбаев
элчин сайд бүрийн ИЖБ-г хүлээж аваад дараа нь хамт зургаа авахуулдаг, төгсгөлд
нь нийтэд хандсан үг хэлдэг, түүндээ орон болгоны харилцааны онцлогийг дурдаж,
хундага өргөж, элчин сайд нартай чөлөөт байдлаар цөөхөн минут ярилцдаг. Дараа
нь телевизийн сурвалжлагч нар элчин сайд болгоноос тус тусад нь ярилцлага
авдаг. Иймээс нэг өдөр ИЖБ барьсан гадаад орны элчин сайд нар нэг ангийнхан
гээд илүү дотно байдаг байлаа.
Казахстаны Парламентын дээд танхим-Сенатын дарга Касым-Жокарт Токаев ОХУ, Франц, Финлянд, Чех, Азарбайжан зэрэг гадаадын 11 орны Элчин сайд нарыг Астана хотод 2010 оны 1 дүгээр сарын 19-ны өдөр хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн арга хэмжээнд би уригдан оролцсон юм. К.Токаевын хувьд Москвагийн ОУХДС-д надтай нэгэн үед оюутан байсан, ОХУ-ын Дипломатын академид нэг ангид суралцаж байсан, мөн Бээжинд нэгэн үед өөрсдийн ЭСЯ-дад (К.Токаев ЗХУ-аас Хятадад суугаа Элчин сайдын яаманд ажиллаж байсан) ажиллаж байсан, бие биенээ сайн мэддэг хүмүүс учраас намайг урьсан юм. Казахстанд ажиллах хугацаанд бас л ойр дотно харилцаж, миний ажилд дэмжлэг туслалцаа үзүүлж байсан билээ.
Тэр удаа Астана хотод очсон боломжийг ашиглан Казахстаны
Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргын орлогч К.Жанбурчинтой уулзаж,
хоёр улсын аюулгүй байдлын зөвлөлийн хамтын ажиллагааны зарим асуудлаар санал
солилцож, Астана хотод баригдаж байгаа өөрийн ЭСЯ-ны барилга байгууламжийн
барилга угсралтын ажлын явц байдалтай танилцаж, барилгын ерөнхий гүйцэтгэгчид
зарим санал хийгээд шаардлага тавиад ирсэн билээ.
Казахстаны Ерөнхий сайд
Карим Масимов 2009 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Астана хотноо хэд хэдэн орны
элчин сайд нарыг хүлээн авч уулзах болсон тул бас л томилолтоор Астана хотноо очиж
түүнтэй уулзаж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны цаашдын хөгжлийн талаар
ярилцсан юм.
Алматы-
Астанагийн хооронд онгоц 1.40 цаг нисдэг боловч манай ЭСЯ-наас Алматыгийн нисэх
онгоцны буудал явахад 32 км. учраас бараг 1 цаг явна. Харин Астанагийн нисэх
буудал ойрхон учраас 20 минут явдаг. Би
Астанад анх томилолтоор очихдоо Хятадын хөрөнгө оруулалттай “Soluxe Beijing
Astana” зочид буудалд буусан бөгөөд хятад хэлээр ярьдаг хүний хувьд түүний
хятад ерөнхий захиралтай нь гайгүй танилцсан учраас надад тодорхой хэмжээний
хөнгөлөлт үзүүлдэг байлаа.
Нисэх
онгоцны буудалд манай ЭСЯ-ны гэрээт ажилтан К.Мейрам угтаж авдаг байв. К.Мейрам
нь манай улсын иргэн, Баян-Өлгий аймгийн засаг даргаар ажиллаж байсан, төр
захиргааны ажлын туршлагатай нэгэн бөгөөд миний найз К.Сайраны дүү юм. ЭСЯ-наас
тэр болгон Астана яваад байх боломж муу болохоор түүнийг манай ЭСЯ-нд гэрээгээр
авч ажиллуулж байсан юм. Хүүхдүүд нь Казахстан Улсын иргэн болж Астана хотоос
10 км газарт хувийн орон сууцанд амьдарч байсан учраас К.Мейрам тэндээ амьдардаг
байсан. Гол нь манай ЭСЯ-ны шинээр баригдаж байгаа ЭСЯ-ны барилгын ажлын явцад өдөр
тутам хяналт тавьж, бас Астана хотод бусад байгуулагатай холбоо барихад бидэнд
тусалдаг байлаа.
Ер нь Алматыд ЭСЯ байрлаж
байхад Астанад очиж ажиллах нь зохих хэмжээний хөрөнгө мөнгө, цаг хугацаа шаардсан
бэрхшээлтэй асуудал байлаа. Иймээс Астана хотноо Элчин сайдын яамны барилга
байгууламжийг шинээр бариулж, Элчин сайдын яамыг Астанаа хотноо нүүлгэн
шилжүүлэх ажлыг цаг алдалгүй шийдэж чадсандаа би баяртай байдаг юм.
Comments